Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.11.22) хуралдаан 13 цаг 17 минутад гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг эхлээд хэлэлцсэн бөгөөд энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан гэв.
Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй гэжээ. Олон улсын геополитик, гео-стратегийн нөхцөл байдлаас шалтгаалж, гадаад эдийн засгийн төлөв байдал урьдчилан таамаглах боломжгүйгээр хувьсан өөрчлөгдөж, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ ханш өндөр хэлбэлзэлтэй байгааг дурдсан. Энэхүү эгзэгтэй цаг үед мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй, хөгжилд хөтөлсөн төсөв төлөвлөж, батлах нь нийт иргэн, улсын ашиг сонирхолд бүрэн нийцнэ хэмээн тэрбээр танилцуулав. Энэ нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах нөөц боломж, хуримтлалыг нэмэгдүүлэх, үнэ, ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болно гэж үзсэн гэлээ.
Эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтийг хангах нь хөгжлийн бодлого, тэргүүлэх зорилт, төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжил, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах үндэс суурь болохыг ямагт санах учиртай хэмээгээд “Монгол Улсын Их Хурал 2025 оны улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, мөн хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх”, 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ байдал нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байна” гэжээ. Үүний зэрэгцээ Улсын Их Хурлаар саяхан баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т тусгагдсан “Төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана” гэсэн зорилтоо бодитой хэрэгжүүлж ажиллахыг Ерөнхийлөгч сануулжээ.
Мөн ард иргэд, баялаг бүтээгч, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжийг илэрхийлж байгаа нь зүй ёсны шаардлага хэмээн үзсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль тогтоомжууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна. Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль нь Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч, батлагдсан төсвийг тодотгож, дахин засаж сайжруулах шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлсэн байна. Мөн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан.
Гэтэл Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад Улсын Их Хурал төсөвт тодотгол хийхээр тогтоол баталж, чиглэл болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээх заалтыг зөрчих нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг Г.Занданшатар танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хоригт дурдсан “мөчлөг сөрсөн төсвийн бодлого” хэмээх агуулгын талаар тодруулж хариулт авсан бол Ц.Сандаг-Очир гишүүн Ерөнхийлөгч хориг тавьсан шалтгаан нь төсвийн алдагдлыг бууруулах уу, эсхүл алдагдалгүй байх уу гэдгийг лавлав. Ерөнхийлөгч Монгол Улсын 2025 оны төсвийг алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Г.Занданшатар дарга тодотгоод, холбогдох тайлбарыг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Заяабал, Д.Ганбат нар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн бол П.Сайнзориг гишүүн улсын төсвийг дагаад засаг, захиргааны нэгжүүд дагалдан төсвөө батлахаар хүлээж байгааг дурдав. Улсын төсөвтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж байгаа нь анхны тохиолдол биш гэдгийг тэрбээр дурдаад Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг хангалтгүй ажилласан хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Дараа нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулж, гишүүд холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжин баталлаа. Ингэснээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын товыг өөрчилж, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо
-
14 цаг 15 мин
-
16 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин