УИХ-аас ажлын хэсэг гаргаж "Утааны сонсгол" хийхээр шийдвэр гараад буй юм. Энэ асуудлыг УИХ дахь Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэв. Энэ хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.ЗОЛЖАРГАЛЫН илэрхийлсэн байр суурийг онцлон хүргэе.
Агаарын бохирдлын 55 хувь нь гэр хорооллоос, тоосонцор ПМ-ын 17 хувь нь гэр хорооллоос гэдэг бол худлаа тоо. Байгаль орчны байнгын хорооны хурал дээр Засгийн газраас танилцуулсан мэдээлэлд ингэж танилцуулсан. Худлаа тоон дээр үндэслэхээр гарах шийдвэр нь худлаа байж таарна. Нүүрснээс ялгарах утаа өвөл гарч ирдэг. Хэрэв 50 хувь нь л байсан юм бол зун утаа хааччихдаг юм? Худлаа тооноос болоод гол асуудал нь автомашин юм шиг яриад эхэллээ. Зун бас машин явдаг ч утаа байдаггүй. Хортой элемент, хий бол бий. Гэхдээ бидний одоо энэ салах гээд байгаа утаа бол биш.
Худлаа дүгнэлт хийсэн учраас цахилгаан машиныг татвараас чөлөөлөх асуудал яригдаж байна. Хятадын цахилгаан машиныг утаагаар далимдуулаад дэмжих нь Монголын бодлого биш! Дараа нь хий байна. Хий хэрэгтэй. Гэхдээ утаагаар дамжуулаад Оросын хийг дэмжих нь Монголын бодлого биш! Монголын төр юм бол монгол маягийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.
Нэг. Дулаан сууц
Нүүрсэн түлш, хийн түлш, цахилгаан халаалт аль ч тохиолдолд эхлээд байшин дулаан байвал утаа бага гарна, зардал буурна. Хашаандаа дулаан байшин барихад ипотекийн зээл олгоно гэж засгийн газрын хөтөлбөрт тусгасан. Гэхдээ санхүүжилтийн эх үүсвэр тавиагүй. Төсөв дээр зөндөө хэлсэн. Одоо эх үүсвэр гэх юм байхгүй. Уриа л байна.
Хоёр. Хийн түлш
Хий ашиглах юм бол Монголын хий ашиглана. Савлагаатай пропан-бутан ашиглая гэвэл түүнтэй төстэй ДМЭ гэдэг савлагаат хийг нүүрснээс гаргах техник эдийн засгийн үндэслэл аль 10-аад жилийн өмнө хийгдээд батлагдчихсан. Хэрэв байгалийн хий ашиглах бол Багануурын нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх техник эдийн засгийн үндэслэл бас хэдэн жилийн өмнө батлагдчихсан. Тэднийгээ хэрэгжүүлнэ.
Гурав. Цахилгаан станц
Жил бүр 350 тэрбум төгрөгийг шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлтэд татаас болгож ЭТТ гаргадаг. Үүгээр 100 МВт дулааны цахилгаан станц барьж болно. 5 удаа барьвал 500 МВт! Гэр хорооллыг бүхлээр нь хангачихаар хэмжээний чадал юм. Хойноос урагш босоо чиглэлд тархсан гэр хорооллын 5 чиглэлд дунд хавьд нь бариад ойр орчимд дулаанд холбож, хол хэсгийг цахилгаанаар халаана.
Дөрөв. Шахмал түлш
Дэгдэмхий багатай нүүрсээр хийсэн түл утаа багатай ч шатахдаа хүчилтөрөгч их шаарддаг тул дутуу шатаж угаарын хий үүсгэдэг. Угаарын хийг зуух яндан сайн бол ховх сороод гадагшлуулна. Гэхдээ монголчуудын хэрэглэдэг зуух яндан ямар билээ, угаарын хий дотогш алдаж олноороо хордож байна. Түлш сайн шаталттай байхын тулд үнслэг багатай байх ёстой. Мидлинг бол үнс ихтэй. Дээрээс нь чийглэг нэмээд тооцвол тал нь шатдаггүй материал гэсэн үг. Тэгэхээр дутуу шатаж угаарын хий гарна. Хагас кокс ч бас дэгдэмхий тортог багатай ч угаартуулах эрсдэл өндөр гэсэн үг. Тиймээс Тавантолгойн баяжуулсан, үнслэг багатай эрчим хүчний нүүрсээр түлш үйлдвэрлэх хэрэгтэй. Шаталт сайн, угаарын хий бага, үнс, тортог ч бага.
Тав. Яндангүй бүс
Гэр хорооллыг хэсэг блокооор нь “яндангүй бүс” болгон зарлаж, тэндээ татаасад өгдөг мөнгөөрөө цахилгаан станцууд бариад, алхам алхамаар өөрчилье. Яндангүй бүсэд хоёр жилийн дараа нүүрс оруулахгүй гэж зарлах тул оронд нь хүмүүст байшингаа дулаалахад буюу дулаан байшин барихад нэн хөнгөлөлттэй зээл олгоно. Маш бага зардлаар дулаацах нөхцөл бүрдүүлнэ гэсэн үг. Дараа нь цахилгаан халаалт, хийн түлшнээс сонголтоо хийгээд явчихна. Жишээлбэл Гандангийн дэнж байна. Тэнд уламжлалт төрхтэй барилгуудтай, түүхэн бүс байгуулна гээд байгаа. Тэнд байх бүх барилгад Монголын барилгын норм дүрэмд тусгасан дулаан хамгаалалтын шаардлагад нийцсэн, эрчим хүчний хэмнэлтэтй байх шаардлагыг тавиад, хэрэгжүүлэх боломжоор хангана гэсэн үг.
"Сонсгол"
Утааны эсрэг сонгсол хийхээр болж байна. Улстөрийн хэрүүл болгож хувиргалгүйгээр утаанаас салах төлөвлөгөө гаргаж, зорилгодоо хүрэх замын зургаа гаргамаар байна" гэлээ.
-
Уржигдар 13 цаг 19 мин
-
Уржигдар 13 цаг 19 мин