Энэ сард дахин гурван нислэг үйлдэж 690 иргэнээ ЭХ ОРОНДОО авч ирнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-19

УОК-оос гадаад дахь иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж буй талаар цаг үеийн шуурхай мэдээлэл өглөө. Долдугаар сард төлөвлөөд байсан 12 нислэг дээр нэмж Австрали руу 1,  БНСУ-руу шууд 1, транзит нислэг 1-ийг тус бүр үйлдэж, 690 иргэнээ нэмэлтээр татахаар боллоо. Ингэснээр долдугаар сард 15 удаагийн нислэгээр 3,400 иргэнийг эх оронд нь авч ирэх юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 55 улсаас 10,513 Монгол Улсын иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-ын шуурхай штабт албан ёсоор гаргаад байна. Тэдний 1,800 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 740 өвчний магадлагаатай, 797 нь өндөр настан, 240 гаруй нь жирэмсэн, 1,553 нь оюутан, 131 нь богино хугацааны визээр сургалтад хамрагдсан насанд хүрэгч, 13 нь хүүхэд  бусад 4,300 гаруй иргэн байна. УОК-оос хүсэлт гаргасан эдгээр иргэдээ богино хугацаанд эрчимтэй татаж авах зорилготой ажиллаж байгаа бөгөөд наймдугаар сард нэмэгдүүлэхээр зорьж байгаа гэв. Гэхдээ татан авалтыг ХӨСҮТ, тусгаарлах байрны хүлээн авах чадварт нийцүүлнэ. Тусгаарлах байрыг нэмэгдүүлэхээр нийслэл болон ойр орчмын  нийт 215 зочид буудал, 45 амралтын газарт судалгаа хийхэд 24 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, нийтийн бие засах газартай, 25 нь гал тогоогүй гэх зэргээр халдвар хамгааллын шаардлага дэглэмд нийцэхгүй хүндрэл бэрхшээл тулгараад байна.

Мөн ОУ-ын зэрэглэл бүхий өндөр үнэтэй зочид буудлуудад иргэдийн сонголтоор байрлуулж болох эсэх талаар судлахад тухайн байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг хэсэгчлэн мөрдүүлэх ямар ч нөхцөл боломжгүй нь тогтоогджээ. Тиймээс тодорхойлогдсон нөхцөл боломждоо тулгуурлаж татан авалтаа хийнэ гэв.

Хилийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 44 орноос Монгол Улсын 67,290 иргэнийг эх орондоо агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна. Захиалгат нислэгт эхний ээлжинд багтах иргэдэд тавигдах шаардлагуудыг өргөжүүлж, богино хугацааны сургалтын визээр гадаадад зорчсон иргэн, оюутан, амжиргааны зардалгүй хүнд нөхцөөлд орсон иргэдийг хамруулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.123.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.