Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
Үйл явдал
/
8 цаг 32 мин
Угтах ёслолын үеэр хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, ёслолын буудлага үйлдсэний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөв.

Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол, Туркийн албан ёсны төлөөлөгчидтэй мэндчиллээ.

Ерөнхийлөгчийн ордон цогцолборт Засгийн газрын хуралдаан, Ерөнхийлөгчийн уулзалт, арга хэмжээ болдог бөгөөд гадаад улсын төрийн тэргүүн, дээд, өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авдаг юм.

 

Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Айлчлалын үеэр талууд “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй, хууль, эрх зүй зэрэг салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.

Хоёр улсын Ерөнхийлөгч 2024 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохдоо уулзсан.

Энэ үеэр харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ онцгой ач холбогдолтой гэдэгт санал нэгдэн, харилцан ашигтай, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэх, Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулах, дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх болон бусад асуудлаар ярилцаж байсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.49.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.