“Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Үйл явдал
/
9 цаг 53 мин

“Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр (2025.01.17) Төрийн ордонд болж, Монгол Франц хоёр улсын Засгийн газрын төлөөлөл болон Орано группийн холбогдох төлөөллүүд гарын үсэг зурлаа. Тус гэрээнд Монгол Улсыг төлөөлж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт эрх олгосны дагуу гарын үсэг зурсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны аравдугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улс хэлэлцээний протоколд гарын үсэг зурснаар энэхүү олон жил яригдсан гэрээг үзэглэх бодит ажил эрчимжсэн бөгөөд хэлэлцээний төсөлд Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгүүд, тус ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэхээр байгуулагдсан Гэрээ-эрх зүй, Эдийн засаг-хөрөнгө оруулалт, Татвар санхүү, Олборлолт үйлдвэрлэл, технологи, Байгаль орчин, орон нутаг гэсэн 5 чиглэлээр ажлын дэд хэсгүүд, төрийн 24 байгууллага, мэргэжлийн болон хувийн хэвшлийн 6 байгууллага , салбарын эрдэмтэн судлаач, хөндлөнгийн төлөөлөл бүхий нийт 99 гишүүний өргөн бүрэлдэхүүнтэйгээр жил гаруйн хугацаанд ажиллав. Улсын Их Хурал, Засгийн газраас энэхүү гэрээг байгуулахыг дэмжиж, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн баталж, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байр бий болгох, шинэ технологи нутагшуулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой гэрээг үзэглэлээ.

Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчтай нийт 18 удаагийн хэлэлцээг хийсний үр дүнд, Монгол Улсын эрх ашиг, Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлсэн дараах нөхцлүүдийг гэрээнд тусгаад байна. Үүнд: 1/ Монголын талаас олон улсын FAST (Flexible, Appropriate, Structured, Transparent) стандартын дагуу өөрийн санхүүгийн тооцооллын загварыг боловсруулж, Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн санхүүгийн тооцоололтой тулган, баталгаажуулсанаар Монгол Улс жил бүр шууд үр өгөөжийн дийлэнх буюу 51-ээс доошгүй хувийг хүртэнэ. 2/ Монголын талын хүртэх шууд үр өгөөж 51 хувьд хүрээгүй тохиолдолд Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компаниас үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай “өгөөж тэнцүүлэх нэмэлт төлбөр”-г Засгийн газарт нэмж төлнө. 3/ Төрийн эзэмшлийн 34 хувийн энгийн хувьцааг хэлэлцээний протоколын дагуу 10 хувийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж, 9 хүртэлх хувийн өсөн нэмэгдэх АМНАТ тооцож авснаар давуу эрхийн хувьцаанд 593 сая ам.долларын ногдол ашиг, АМНАТ-т 2,0 тэрбум ам.доллар, нийт улс орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.доллар төвлөрөх тооцоололтой байна. 4/ Засгийн газар төсөл хэрэгжүүлэгч компанийн хувь нийлүүлсэн 10 хувьтай тэнцэх “Төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа”-г шууд эзэмшиж, тэргүүн ээлжинд ногдол ашиг хүртэх, давуу эрхийн хувьцааны ногдол ашиг хуваарилагдаагүй тохиолдолд энгийн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилахгүй байх нөхцөл тусгагдсан. 5/ Хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах саналыг ирүүлснийг хэлэлцээрийн явцад бууруулж, зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, АМНАТ, Гаалийн гэсэн 4 төрлийн татварыг тогтворжуулсан. АМНАТ-ийг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар инфляци тооцохгүйгээр, бүрэн төлөхөөр тусгажээ. 6/ Хөрөнгө оруулалтын гэрээг төсөл хэрэгжүүлэгчийн эзэмшиж буй Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөтийн гэсэн 3 тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгаж, ирээдүйд авч болох тусгай зөвшөөрлүүдийг энэхүү гэрээнд хамруулахгүй байх юм. Түүнчлэн төслийн хүрээнд олборлолт, үйлдвэрлэлийг газар доор уусган олборлох технологоор явуулах, төслийн бүх үе шатанд байгаль орчны мониторинг, геоэкологийн судалгаа, цацрагийн хяналтыг хэрэгжүүлэх, төслийн үйл ажиллагаа болон технологид Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдээр 3 жил тутамд хөндлөнгийн аудит хийлгэнэ.

Монгол Улс дотооддоо элементийн хүхэр үйлдвэрлэн борлуулсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч компани боломжит үнээр тэргүүн ээлжид худалдан авах заалтыг гэрээнд оруулж, олборлолт, үйлдвэрлэл нь үндэсний лабораторийн хяналтад байна. 8/ Орон нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймгийн Засаг дарга, Төсөл хэрэгжих Улаанбадрах сумын Засаг даргатай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, жил бүр 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх, төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байх, уурхайн ашиглалтын үе шатанд нийт туслан гүйцэтгэгчдийн 60%-aас доошгүй нь болон, жилийн нийт худалдан авалтын үнийн дүнгийн 40%-аас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч хуулийн этгээдэд ногдоно. 9/ Хөрөнгө оруулалтын гэрээг 20 жилээр байгуулж, гэрээг тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд хуульд заасан хугацаагаар сунгаж байхаар, мөн гэрээний зүйл заалтуудад хуулийг тогтворжуулахгүй байх зарчим хангагдсан. 10/ Засгийн газар нь компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах, баталгаа гаргах болон хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардалд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хориг тавих эрхтэй байх ба талуудын хооронд татварын маргаан үүсвэл дотоодын хууль тогтоомжийн дагуу маргаан шийдвэрлэх бүх процессыг дуустал олон улсын арбитрт хандах эрхгүй байх нөхцлүүд тусгагдсан. Хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжснээр улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум, төслийн нийт хугацаанд 2 их наяд төгрөгийг төвлөрүүлж, 1600 орчим ажлын байр шинээр бий болж, шинэ технологи нутагшуулж, хүхрийн хүчлийн үйлдвэр зэрэг бүтээн байгуулалт хийгдэх юм.

Улмаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, шинэ төрлийн үйлдвэрлэл хөгжих, дэвшилтэт технологи болон мэдлэг туршлагыг нэвтэрч, мэргэшсэн боловсон хүчний нөөц нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөж бий болох зэрэг ач холбогдолтой. Монгол Улсын хувьд 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэснээр дэлхийн ураны нөөцийн 3 хувийг бүрдүүлж, нөөцийн хэмжээгээр дэлхийд 10-т жагсдаг бөгөөд дэлхийн зах зээлд цөмийн түлш, ураны хэрэгцээ жил бүр тасралтгүй өсөж буй энэ цаг үед 32 улс 440 цөмийн реактор ашиглаж, ирээдүйд 344 реактор нэмэгдэх төлөвтэй байна. Гуравдагч хөршийн хоёр дахь хөрөнгө оруулалт болох энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын нийгэм, эдийн засаг, уул салбарт чухал ахиц дэвшил болох төдийгүй дэлхийн ураны зах зээлд нөлөө бүрий тоглогч болох үндэс суурь тавигдаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.155.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.