Б.Баттүшиг Олон улсын олимпын хорооны гишүүнээр сонгогджээ
Үйл явдал
/
2020-07-19
Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Батболдын Баттүшиг Олон улсын олимпын хороо/ОУОХ/-ны Гишүүнээр сонгогдлоо. 

Өчигдөр/2020.07.17/ ОУОХ-ны 136 дахь чуулган цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдаж өндөрлөв. Тус чуулганаар ОУОХ нь шинээр таван гишүүнийг баталснаар нийт 103 гишүүнтэй боллоо.

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Залуучууд болон эмэгтэйчүүдийн төлөөлөл ОУОХ-ны удирдах түвшинд нэмэгдэж буйд баяртай байна. Тэдний мэдлэг, туршлага нь нийт Олимпын хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдэв. 

ОУОХ-ны шинэ Гишүүдээр МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэлхийн бадминтоны холбооны Гүйцэтгэх зөвлөлийн Гишүүн Б.Баттүшиг-ээс гадна Олон улсын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч, Олимпын аварга Себастьян Кое, Хорватын Ерөнхийлөгч асан К.Грабар-Китарович, Саудын Арабаас АНУ-д суугаа элчин сайд, гүнж Реема Ал-Сауд, Кубын ҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн М.Руэнэс нар сонгогдсон байна. 

Чикагогийн Их Сургууль, Харвардын Их Сургуулийг төгссөн Б.Баттүшиг нь Олимпын хөдөлгөөний түншлэл-хамтын ажиллагаа, технологи-инновацийн чиглэлд онцгойлон анхаарал хандуулан ажиллаж буй спорт-олимпизмын залуу зүтгэлтэн, боловсон хүчин билээ. 

Б.Баттүшиг нь 2017 онд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд мөн  “Токио-2020” Олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэж буй. Тэрээр 2018 онд ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүнээр томилогдож, 2020 онд улиран сонгогдсон билээ. 

Монгол улсаас өмнө нь, спортын олондоо “Олимпын өвөө” хэмээн хүндлэгдсэн Ш.Магван нь ОУОХ-ны Гишүүний ажлыг 2007 оныг хүртэл гүйцэтгэн өдгөө ОУОХ-ны Хүндэт гишүүн болоод буй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.83.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.