Ерөнхийлөгч зарлиг гаргавал Н.Батсуурь Даян аварга болно
Үйл явдал
/
2020-07-23
  •  
Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадамд түрүүлж, аварга цол хүртээд байсан Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн нь Допингийн үндэсний төвийн шинжилгээгээр баталгаажсан ч үл зөвшөөрч, Захиргааны хэргийн давж заалдах шатанд гомдол гаргасан байсныг өчигдөр хэлэлцээд барилдах эрхийг нь нэг жилээр хасах, аварга цолыг хураах, өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах шийдвэр гаргасан билээ.

Иймээс сэргээшийн золиос болсон бөхчүүд цол, чимэг нэмэх боломж бүрдээд байна. Хэдийгээр шүүхээс шийдвэр гарсан ч Ерөнхийлөгч зарлиг гаргаж, бөхөд цол олгох ёстой.

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Э.Оюунболдод унасан бөхчүүд, цол, чимэг нэмэх бөхчүүдийн мэдээллийг хүргэе.

  • Нэгийн даваанд: Хэнтий аймгийн залуу бөх М.Баярбаатар,
  • Хоёрын даваанд: Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн начин Т.Лхагвасүрэн,
  • Гурвын даваанд: Төв аймгийн харьяат, аймгийн харцага М.Жамсрандорж,
  • Дөрвийн даваанд: Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, аймгийн арслан П.Батсүх,
  • Тавын даваанд: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, аймгийн арслан Н.Мустафа,
  • Зургаагийн даваанд: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, тухайн жилдээ шинэхэн улсын начин болсон Б.Цэдэнсодном,
  • Долоогийн даваанд: Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, тухайн жилдээ шинэхэн улсын харцага болсон Д.Анар,
  • Наймын даваанд: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж,
  • Есийн даваанд: Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь зэрэг хүчит бөхчүүдийг давж, Монгол Улсын аварга цолонд хүрсэн байдаг.

Шүүхийн шийдвэрийг үндэслэн Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргавал аймгийн арслан Н.Мустафа Монгол Улсын начин,  Улсын начин Б.Цэдэнсодном Монгол Улсын харцага, Улсын харцага Д.Анар Монгол Улсын заан, Улсын арслан Ц.Содномдорж Үлэмж бадрах чимэг,  Улсын аварга Н.Батсуурь Монгол Улсын Даян Аварга цолны эзэн тус тус болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.138.195)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.