"Урт цагаан" үйлчилгээний төвийн талаар Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ
Үйл явдал
/
2020-07-24

 “Урт цагаан” хэмээн нэршсэн Биеийн тамир спортын анхны “Хоршоолол” нийгэмлэг байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл олон алдар цуутай тамирчид бэлтгэл сургуулилтаа хийж, улс орон болон дэлхийд нэр алдраа дуурсгасан байдаг. 

Улаанбаатар хотын худалдааны анхны гудамж XVIII зууны эцсээс XIX зууны эхэнд үүсжээ. Энэ гудамж дундуур Баруун Сэлбийн гол урсдаг байсан бөгөөд одоогийн Барилгачдын талбайгаас баруун тийш Урт цагаан, Бөмбөгөр худалдааны төвийн урд талын замын уулзвар хүртэл худалдааны захууд байсан түүхтэй. Энд хүнс, мах, төмөр, мод, чулуу, алт мөнгөний төрөлжсөн зах байснаас гадна монгол урчууд, хятад, орос тэргүүтэй гадаадын худалдааны пүүсүүд байрлаж байлаа.

Харин 1954-1961 онд хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөгөөр худалдааны гудамжийг өргөтгөж, хойд хэсэгт архитектор Б.Дамбийнямын зураг төслөөр Хоршооллын худалдаа үйлчилгээний нэгдсэн төвийн барилгыг барьсан нь “Урт цагаан” хэмээн нэршжээ.

Худалдааны гудамжийг 1970 онд Октябрийн гудамж, 2002 онд Жуулчны гудамж хэмээн нэрлэжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жуулчны гудамж, Дүрслэх урлагийн музей, Барилгачдын талбайгаас баруун тийш Бөмбөгөр худалдааны төвийн урд талын Их тойруу, С.Чоймболын гудамжны уулзвар хүртэлх гудамж юм.

Эдүүгээ Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилга ашиглалтын шаардлага хангахаа больсон тул үйл ажиллагааг нь зогсоогоод байсан. Улмаар тус үйлчилгээний төвд түрээсээр үйл ажиллагаа явуулж байсан иргэдэд  Нийслэлийн өмчийн дөрөвдүгээр байр буюу Улаанбаатар шилэн банкны нэг, хоёрдугаар давхарт ажлын байр гаргаж өгөөд байсан юм. Ингээд “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх ажлыг яаралтай эхлүүлэхээр болж, энэ хүрээнд барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд зарласан юм. Уралдааны дагуу  28 бүтээл ирж шалгаруулалтанд орсон.

Өнөөдөр "Урт цагаан" үйлчилгээний төвийн дахин төлөвлөхтэй холбогдуулан Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.12.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.