Хуульч А.Базар цахим хуудаснаа С.Баярцогтын шүүх хурал дээр хэлсэн үгэнд дүгнэлт хийснээ ийнхүү нийтэлжээ.
Үйл явдал
/
2020-07-25

Хуульч А.Базар өөрийн цахим хуудаснаа С.Баярцогтын шүүх хурал дээр хэлсэн үгэнд дүгнэлт хийснээ ийнхүү нийтэлжээ.

1-т. "С.Баярцогт бол үг, яриа нь их цэгцтэй, логиктой сэтгэдэг хүн юм байна аа" гэж бодлоо. За шударга, ёс зүйтэй эсэхийг нь бол мэдэхгүй шүү.

2-т. "Энд ярьсан зүйлс нь (цаг хугацаа зэрэг) үнэн бол энэ хүнийг буруутгаж байгаа хэд хэдэн асуудлууд гэмт хэрэг биш юм. Шүүх шударга шийдвэл цагаатгах үндэслэлтэй юм байна" гэж бодлоо.

2.1) Оюу толгойтой холбоотой ажлын хэсэгт ажиллаж байхдаа хөрөнгийн биржээс Айвэнхоу Майнз компанийн хувьцааг худалдан авсан асуудлын хувьд Эрүүгийн хуулийн 263.2 буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласнаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирах гэмт хэргийг үйлдсэн гэж яллаж байгаа аж. Гэвч Айвэнхоу Майнз компанийн хувьцааны арилжаанаас энэ хүний олсон ашиг нь Монгол Улсын хувьд хохирол болохгүй юм. Гэтэл хуулийн 263-т заасан гэмт хэрэг бол хохирол шаардсан гэмт хэрэг.

Энэ хүний арилжаа хийсэн нь дотоод мэдээлэл ашиглаж арилжаа хийсэн байх боломжтой. Гэвч энэ хүн арилжаа хийх үе нь манайд тийм гэмт хэрэг хуульчлагдаагүй үе аж. Тийм болохоор энэ хүн дотоод мэдээлэл ашиглаж арилжаанд орсон уу нтр гэж шалгах ч шаардлагагүй.

2.2) Арилжаанаас олсон ашгаа оффшор бүсээс Монголд оруулсаныг нь мөнгө угаах гэмт хэрэг гэж яллаж. Гэвч Мөнгө угаах гэдэг бол хууль бус мөнгийг хууль ёсны болгож харагдуулах үүднээс хийгдсэн зүйлийг хэлнэ. Харин хууль бус мөнгөө зүгээр ил тод зарцуулаад явж байгааг хэлэхгүй. Гэхдээ тэр нь чухал биш Мөнгө угаасан гэж яллахын тулд хууль бус мөнгө байх шаардлагатай. Гэтэл арилжаанаас олсон ашиг нь хууль бус биш болохыг дээр тайлбарласан.

2.3) Хоёр үл хөдлөх хөрөнгөө хууль ёсны мөнгөөр авсан гэдгээ нотолж чадаагүй буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж яллаж байгаа аж. Хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийг манай улс анх 2012 онд хуульчилсан. Гэтэл энэ хүний 2 хөрөнгө нь тэрнээс өмнө төлбөр тооцоо нь хийгдсэн буюу энэ хүн 2012 оноос өмнө хөрөнгүүдийг олж авсан гэнэ. Хэрэв энэ үнэн бол хууль буцаж үйлчлэхгүй тул 2012 оноос өмнө олж авсан хөрөнгөтэй нь холбоотой "үндэслэлгүй хөрөнгөжсэн" гэж хэнийг ч яллах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, 2012 оноос өмнө хөрөнгүүдийг хууль бусаар олж авсан ч бай яллах үндэсгүй гсн үг.

2.4) Эхнэрийн нэр дээрх компаниараа Оюу толгойтой гэрээ хийсэн асуудал дээр "миний оролцоо байхгүй, манай эхнэрийн нэр дээрх компани ч биш" гэж. Тэр талаар нарийн ширийнийг нь мэдэхгүй, мэдээлэл дутмаг тул дүгнэлт хийх боломжгүй байна.

Харин анхаарал татсан асуудал бол хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнөхөн л (2 хоногийн өмнө) гэнэт энэ үндэслэлээр ялласан, мэдүүлэг аваагүй асуудал байна. Шүүхийн шийдвэр нь бичгээр гараад, цахим санд нээлттэй тавигдвал илүү дэлгэрэнгүй дүгнэлт хийж болох юм.

Хуульч А.Базар

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.240.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.