ЦЕГ-аас “Пабло Эскобар” киног олон нийтэд хүргэхээ зогсоохыг МҮОНТ-ээс ШААРДЛАА
Үйл явдал
/
2020-07-26

Цагдаагийн ерөнхий газраас “Цагдаагийн албаны тухай” хуулийн 68 дугаар зүйлийн 68.9, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монголын үндэсний олон нийтийн телевизэд “Пабло Эскобар” олон ангит киног олон нийтэд хүргэхээ зогсоохыг шаардаж мэдэгдэл хүргүүллээ.

Мэдэгдэлд зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа, хар тамхины хууль бус эргэлт, аллага, хүчирхийлэл, авлига хээл хахуулийн гэмт хэрэг зэрэг хууль бус үйлдлийг сурталчилсан, өөгшүүлсэн, гэмт хэргийн замаар амар хялбар аргаар ашиг, орлого олох, гэмт хэрэг үйлдэх, түүний ул мөрийг нуун далдлах аргыг тодорхой дүрсэлсэн уг киног 2019 оны 05 дугаар сар, энэ оны 07 дугаар сард тус тус давтан гаргаж байгаа нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх” зөвлөмжийн 2 дугаар хэсгийн 2.1, 2.2, “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”, “Олон нийтийн радио телевизийн тухай хууль”, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”-ийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж, өсвөр үеийн хүүхэд, залуучуудын сэтгэхүй, хүмүүжил, ёс суртахуун, нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Харин иргэдээс ирсэн шүүмжлэлд МҮОНТ-ийн захирал Л.Нинжжамц ийм хариулт өгсөн юм. “Алаан хядаан гэхээс илүү хууль зөрчсөн хэн ч бай нохойн үхлээр тэр олон хүний амь насны төлөөсийг төлдөг. Манайхан, хэвлэлийнхэн хар тамхинаас яаж сэргийлж, тэмцэж, эсрэг сурталчилгаа хийж дарж авах туршлага байхгүй. Хар тамхины эсрэг дуугарсан нэвтрүүлэг, шторк хийхээр сурталчилгаа болчихно гэж болгоомжилсоор. Цагдаа нар ч бас хэцүү байдаг байхаа. Нэгэнт Монгол улсад хар тамхины хэрэглээ бий болсон бол <Буруу замаар явбал буцахдаа шороо тээдэг> түүхэн бодит хүний үйл явдал энэ кино”. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.196.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.