Ээлжит бус чуулганыг 8 сарын 17-нд товлолоо
Үйл явдал
/
2020-07-29

Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 17-нд зарлахаар төлөвлөж байгаа аж. Төсвийн тодотгол хийгээд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг наймдугаар сарын 10-нд УИХ-д өргөн барихаар тогтжээ. Тодруулбал, Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг боловсруулж эхлээд байгаа. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал Алсын хараа-2050, тэр дундаа тус бүр 10 жилээр хэрэгжих дунд хугацааны хөтөлбөр болон таван жилээр хэрэгжих үйл ажиллагааны үндсэн чиглэлд суурилна. Ирэх жилүүдэд бондын өр төлбөрийг барагдуулж, газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, усан цахилгаан станц, боловсруулах үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлаа дуусгана.

Мөн иргэн бүр жил бүр эрүүл мэндийн оношлогоонд хамрагддаг байх, саарал ус ашиглах, нийслэлийн инженерийн шугам, сүлжээг шинэчлэх зэрэг олон жил яригдсан асуудлыг цогцоор нь шийднэ” гэсэн байдаг. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Цар тахалтай холбоотойгоор төсвийн орлого энэ оны эхний зургаан сарын байдлаар 2,1 их наяд төгрөгөөр тасарсан. Энэ хэвээр байвал оны эцэст гурван их наяд төгрөг хүрэх төлөвтэй. Иймээс Засгийн газар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр “Ногоон гарц” түр журам хэрэгжүүлэхээр БНХАУ-тай тохиролцсоны зэрэгцээ олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байна” гэж байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.141.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.