Д.Загджавын томилгоог буцаах уу
Үйл явдал
/
2020-07-29

Өнгөрөгч долоо хоногт шинэхэн Засгийн газар хуралдаж, ШШГЕГ-ын даргаар Д.Загджавыг томилсон билээ. МАН засаг барих бүрд яаж ийгээд төрийн өндөр албан тушаалд томилогдчихдог, Монголын төрд мөнхийн татаастай Д.Загджавын эл томилгоон дээр хэвлэлүүд дуугүй өнгөрөөгүй.

Үүний өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайдын алба хашиж байсан түүнийг ийн ШШГЕГ-ын даргаар томилсон нь хуулиараа шууд генералын мөрдөс зүүлгэх нөхцөл болсон. Энэ бол цэргийн дээд цол. Харин эрхэм Д.Загджавын намтрыг сөхөж үзвэл 1985 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг төгсөөд 1987 онд хүртэл Дорноговь аймагт хоёр жил цагдаагаар ажилласнаас өөр зүйл харагддаггүй.

Зарим хүний цэргийн албанд 20, 30 жил ажиллаад ч олж авч чаддаггүй генерал цолыг амархан хүртчихэж байгаа шигээ тэр нам даган гэлдэрсээр үргэлж албан тушаал авдаг. Энэ нь урт хугацааны туршид олны нүдэн дээр ил явагдсаар ирсэн тул учрыг нь гадарладаггүй хүн цөөн.

Тийм ч учраас өнгөрөгч дөрвөн жилд нэр хүндээ өндөрт өсгөсөн МАН-ын нүүрийг Д.Загджавын томилгоо таагүй харагдуулж буй. Энэ өнцөг ч нам дотор хэлэлцэгдэж, түүнийг буцаах уу гэдэг асуудал ч яригдаж буй гэх мэдээлэл бий.

Өнөө өглөө тэр ОХУ, Беларусь улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдуудын өөрийг нь “магтаж” хэлсэн үгсийг бөөгнүүлж, хэвлэлүүдээр тараалгав. Нэгэнт ил болсон нэр нүүрээ нуух, хаацайлах гэсэн ийм үйлдэл нь түүнийг улам л таагүй дүр зургаар харагдуулах шиг. Бүхнийг санаснаараа хийж, нөхцөл байдлыг гартаа оруулж чадна гэж тэр ихэд итгэсэн нэгэн бололтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.131.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.