Б.Жавхлан: Иргэд ББСБ-с 3 хувийн хүүтэй зээл аваад хүүнд нь 45 тэрбум төгрөг төлдөг
Үйл явдал
/
2020-11-20

Банк санхүүгийн байгууллагын зээлийн үйлчилгээг түр зогсоох шийдвэрийг УИХ-р хэлэлцсэн. УИХ-ын чуулганы хуралдаан болсон. Хуралдааны эхэнд  Засгийн  газраас КОВИД-19-ийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдэгдлийг сонссон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Зээлийн хүүг хойшлуулахаар эрсдэлийг улам нэмнэ. Харин зогсоох хэрэгтэй. Ингэхийн тулд хадгаламжийн хүүг түр хугацаанд зогсоож, дараа нь хэвийн үргэлжлүүлэх зохицуулалт хийх шаардлагатай. Үүнийг УИХ авч үзэх хэрэгтэй! Банк хадгаламж эзэмшигчийн хоорондох харилцааг Иргэний хуулийн дагуу гэрээгээр зохицуулдаг. Харин ББСБ, ломбардууд бол өөр. Эздийх нь санаачилга, уриалга, иргэний эр зоригийн л асуудал мэднэ” гэсэн юм. “Манай улсын ББСБ–ууд нийт 1.9 их наяд төгрөгийн активтай аж. Үүний 77 хувь нь ямар ч зардал төлдөггүй, эзэндээ өгөөж өгдөг эх үүсвэр юм байна. ББСБ-уудын нэг сарын зээлийн хүү дунджаар 3 хувь. Тооцоод үзэхээр иргэд сард 45 тэрбум төгрөгийг зээлийн хүүнд төлж байна” гэж Б.Жавхлан гишүүн мэдээлсэн юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн түүний асуултад хариулахдаа “Харилцах дансанд хүү төлөхийг Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу зогсоосон. Хугацаагүй хадгаламжид мөн хүү төлдгийг зогсоохоор бид Банкны холбоотой хамтран ажиллаж байна. Сая дурдсан хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хэрэгжүүлнэ” гэв.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Бид судалгаа хийж байна. УИХ наймдугаар сард 21-р тогтоол баталсан. Энэ нь зээлийн хүүгийн хязгаар тогтоох тухай тогтоол юм. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн төсөл боловсруулсан байсан. Гэвч энэ хуулийг өргөн барьсан гишүүд одоо парламентад алга. Иймд дахин өргөн барина. Энэ төсөлд мөнгө хүүлэлт гэсэн бүлэг бий. Мөнгө хүүлэлтийг хэв шинжээр нь тодорхойлсон. Шаардлагатай бол хуулийн төсөлд тодорхой тооны хязгаарлалт тавьж болно”. гэж хариулав.       

Өнгөрсөн сарын байдлаар манай улсын  нийт хадгаламжийн хэмжээ 12 их наяд төгрөг байна. Үүний 10.7 их наяд нь иргэдийн, 1.3 их наяд төгрөг нь байгууллагын хадгаламж байгаа юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.66.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.