Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.21/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсов.
Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн товч танилцууллаа. Тэрбээр мэдээлэлдээ, дэлхий дахинд үүсээд байгаа геополитикийн хурцадмал байдал, цар тахлаас шалтгаалсан үр дагавар, тээвэр, ложистикийн хүндрэл, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэрэг нь дэлхий нийтийн хүнсний хангамж аюулгүй байдалд томоохон сорилт бэрхшээлүүдийг дагуулж байна. 2022 онд хийсэн НҮБ-ын судалгаагаар дэлхийн 23 орны 193 сая хүн ам хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орсон. Энэ тоо жилийн дотор 40 сая хүнээр нэмэгдсэн дүн гарсан гэв.
Мөн тэрбээр, дэлхийн хэмжээнд хүнсний хангамж аюулгүй байдлын эрсдэлд орж байгаатай холбогдуулан улс орнууд энэ асуудалд онцгой анхаарч хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх, олон улсын байгууллагуудыг уриалсан уриалга гаргасаар байна. Тус уриалгыг Монгол Улс цаг алдалгүй хүлээн авсан анхны улс орнуудын нэг бөгөөд нөхцөл байдал энэ онд ч сайжрахгүй төлөвтэй байгааг олон улсын байгууллагуудаас анхааруулж буйг онцолсон.
Түүнчлэн тус үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойших хоёр жил гаруй хугацаанд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт тодорхой ахиц үр дүнгүүд гарсныг дурдаад цаашид хууль эрх зүйн орчныг шинэчлэх, эл салбарт мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сайжруулах, ажиллагсдыг давтан сургах, мэргэжил арга зүйг нь дээшлүүлэх, урт, дунд, богино хугацааны сургалтад хамруулах нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний тээвэр, ложистик, ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх, агуулахын сүлжээг нэгдсэн удирдлага дор зохион байгуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын тогтолцоог шинэчлэх, мэдээллийн цахим сангийн тогтолцоог бий болгох зэрэг асуудалд анхаарах шаардлагатай байна гэлээ.
Мөн аймаг, нийслэл, орон нутагтаа хүнсний хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, Хүнсний тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх ажлын үр дүнг үнэлж, хангалтгүй байгаад нь хариуцлага тооцох, ахиц дэвшил гаргасныг нь дараагийн шатанд шилжүүлэх дэмжлэгийн шинэ бололцоог гаргах, хүнсний хангамжийн зээлийн хэрэгжилтийн үр дүнг тооцож, эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах шаардлага бий болж байгааг Төрийн нарийн бичгийн дарга мэдээлэлдээ дурдав.
Үргэлжлүүлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн танилцуулав.
Тэрбээр, Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх, импортын хамааралтайг нь бууруулах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилт дэвшүүлснийг мэдээлэлдээ онцолсон.
Уг тогтоол эрх зүйн удирдлага, зохион байгуулалт, газар тариалан, мал аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн чиглэлээрх 5 зорилтын хүрээнд 41 үйл ажиллагааны чиглэлд 114 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсан гээд тус яамны дангаараа хэрэгжүүлэх 90, хамтран хэрэгжүүлэхээр 17 арга хэмжээ байгаа аж. Хэрэгжилтийн гүйцэтгэл 61.8 хувьтай байна гэж байлаа. Мөн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3153 аж ахуйн нэгжид 1.2 их наяд төгрөгийн зээлийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийг олгоод байгааг Д.Довчинсүрэн дарга мэдээлэлдээ онцлон тэмдэглэв.
Нийт зээлийн эх үүсвэрийн ашиглалт 98 хувьтай байгаа бөгөөд зээлийн хүсэлтийн 50 хувь нь шийдвэрлэгдсэн. Тогтоолын хүрээнд 2025 оны Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсөвт 88.2 тэрбум төгрөг тусгагдсанаас 2023 онд олгогдсон 832.7 тэрбум төгрөгийн хүүгийн дэмжлэгийн 40.9 тэрбум төгрөг, 2024 онд олгогдсон 428.7 тэрбум төгрөгийн хүүгийн дэмжлэгийн 47.2 тэрбум төгрөгийг 2025 онд хийнэ гэж байлаа.
Зээлийн мэдээллээс харахад газар тариалангийн салбарт хамгийн олон аж ахуйн нэгжид зээл олгосон гээд салбар бүрд олгосон зээл, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд дөрвөн улирлын хүлэмж байгуулж ашиглах, ургацаа даршилж, нөөцлөх цогц сургалтыг агуулсан загвар болохуйц жишиг сум байгуулах арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай талаар үг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Замира тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгааг дурдаад мал аж ахуй, газар тариалангаа эрүүлжүүлэхэд ОХУ-тай хамтран ажиллах, өрхийн аж ахуйг дэмжих хүрээнд тахианы аж ахуйг сэргээх зэргээр тогтоолын хэрэгжилтийн цар хүрээг өргөжүүлэх нь чухал гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, тогтоолын хэрэгжилтийн хүрээнд мал аж ахуй, газар тариалангийн салбарт зээлийн дэмжлэг үзүүлж, техник технологи нэвтрүүлж багагүй хүчин чармайлт гаргасан ч үр дүн сул байгаагийн шалтгаан нь экспорт, гадаад зах зээл, Дэлхийн худалдааны байгууллага, бүс нутгийн худалдааны гэрээ, Засгийн газар хоорондын хэлэлцээр зэрэгт эл асуудал тусгагдаж буй эсэхэд салбарын яам анхаарал тавьж ажиллах, хөдөө аж ахуйн салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, тогтоолын хэрэгжилтийн үр дүн чамлахааргүй байгааг онцлон тэмдэглээд нэгэнт бий болсон түүхий эдийн нөөцийг баялаг болгоход цаашид илүүтэй анхаарч ажиллах нь чухал байна гэв. Тухайлбал, сүүний асуудал ярихаар шингэн сүү татах бүс нутгийн бодлогыг л хөнддөг. Гэтэл шингэн сүү татаж авах боломжгүй бүс нутгуудад бяслаг, тараг зэрэг бусад сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж, алслагдмал бүс нутгийн малчдаа орлогожуулж, байгаа нөөцийг нь баялаг болгоход бодлогын арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэсэн саналтай байлаа.
Хуралдаан “Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Тогтоолын төсөлд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Ганбаатар, Р.Сэддорж, У.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, У.Отгонбаяр нар үг хэлсний дараа “Ажлын хэсэг байгуулах тухай” тогтоолын төслийг батлах, эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь төслийг батлахыг дэмжив.
Дараа нь “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар сонссонтой холбогдуулан дээрх салбаруудад хэрэгжиж байгаа олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар ахалж, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, С.Замира, М.Мандхай, Р.Сэддорж, А.Ундраа, Б.Уянга нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжлээ.
Хуралдааны төгсгөлд “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар сонссонтой холбогдуулан дээрх салбаруудад хэрэгжиж байгаа олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах асуудлыг хэлэлцсэн.
“Ажлын хэсгийн удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ
-
Өчигдөр 15 цаг 26 мин
-
Өчигдөр 15 цаг 26 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 03 мин
-
Өчигдөр 09 цаг 07 мин
-
Уржигдар 17 цаг 09 мин
-
Уржигдар 17 цаг 03 мин
-
Уржигдар 17 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 24 мин
-
2025-01-17
-
2025-01-16
-
Уржигдар 10 цаг 26 мин