Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.01.20) Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд болон Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр томилогдсонтой холбогдуулан хүлээн авч уулзлаа. Олон нийтийн дунд зарласан нээлттэй сонгон шалгаруултын дүнд ил тод сонсголоор томилогдсон баг бүрэлдэхүүн нь нэн тэргүүнд ёс зүй, хариуцлагын зарчмыг чухалчлах ёстойг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тодотгов. Тэрбээр, төв банкны үйл ажиллагаа ил тод бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстойг онцлоод салбар бүрт туршлагатай, мэргэшсэн төлөөллүүд томилогдсонд УИХ-ын гишүүд болон иргэд, олон нийтийн зүгээс итгэл, хүлээлт өндөр байгааг уламжиллаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, энэ удаагийн парламент банк, санхүүгийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ нэн түрүүнд зээлийн хүүг бодитой түвшинд бууруулах, зээлдэгчийн буюу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан, тэдэнд дарамт бус боломж олгодог эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарна хэмээв. Түүнчлэн бодлогын хүү буурахад зээлийн хүү буурна гэх мэт ерөнхий ойлголтоор хязгаарлах бус нарийвчилсан, олон талт зохицуулалтаар хэрхэн яаж иргэдэд ээлтэй, бизнес эрхлэгчдээ дэмжсэн шийдлийг хэрэгжүүлж болох талаар хамтран ажиллахыг УИХ-ын дарга тодотголоо.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийн зүгээс төсөв, мөнгөний бодлоготой уялдуулан тулгамдаж буй асуудлуудын хүрээнд хэрхэн ажиллах талаар санал, шийдлээ танилцуулав. Тухайлбал, Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийн зүгээс санхүүгийн зах зээлийн бүтэц, төв банкны засаглалын хэлбэр, зээлийн эх үүсвэр болон эдийн засгийг төрөлжүүлэх зорилтот шийдлүүдийн хүрээнд санал солилцлоо. Түүнчлэн, Хяналтын зөвлөлийн дарга Н.Ууганбаатар, салбарын хууль тогтоомжийг цаг үеийн шаардлага болон олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх хэрэгтэйг онцолсон бол зөвлөлийн гишүүн Д.Энхжаргал олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж, хариуцлагын системийг сайжруулахаас гадна хэрэглээг бус хуримтлалыг дэмждэг болоход анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Уулзалтад оролцогчид үргэлжлүүлэн хөдөө аж ахуйн чиглэлээр болон бичил бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн эх үүсвэрүүд, дижитал эдийн засгийн хувьсал өөрчлөлт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар нээлттэй санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, аливаа хууль, тогтоомжийн төвд аль нэг байгууллагын хэм хэмжээ бус ард иргэдийн эрх ашиг хадгалагдаж байхыг эрхэм зорилгоо болгож ажиллахыг үүрэг болгов
-
2 цаг 58 мин
-
3 цаг 6 мин
-
8 цаг 55 мин
-
2025-01-17
-
2025-01-16