Достоевскийн “Гэм зэм” жүжиг энэ сард тайзнаа амилна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-11-02

Хүн төрөлхтөн цар тахлын хар аюулд өртөж, дэлхийн урлаг соёлын байгууллагууд үүдээ хаагаад буй энэ харанхуй үед Оросын их зохиолч Фёдор Михайлович Достоевскийн мэндэлсэний 200 жилийн ой тохиож байна. Дэлхий даяар суу алдраа мандуулсан их зохиолчийн “Аугаа таван роман”-ыг манай билэгт гүүш, их дуун хөрвүүлэгч Цэрэнпилийн Гомбосүрэн орчуулсан буянтай. Эл аугаа таван романы нэг “Гэм зэм”-ээр ижил нэрт жүжиг дэглэж урлаг соёлоор ангаж цангаж буй үзэгч олныхоо мэлмийг баясгахаар болжээ.

Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу “Русский дом” дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театрыг байгуулж, нээлтийг нь арваннэгдүгээр сарын 25-нд хийхдээ яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраагийн жүжигчилсэнээр эл алдарт жүжгийг арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл тоглох аж. Сэтгэлзүйн, уран зөгнөлт буюу постмодерн чиглэлийн “Гэм зэм” жүжгийн найруулагчаар ОХУ-ын ГИТИС-ийг дүүргэсэн Мягмарнарангийн Батболд найруулсан байна. М.Батболд урьд нь Германы суут зохиолч В.И.Гётегийн “Фауст” жүжгийг Монголд анх хүргэснээр эчнээ сайн таних болсон билээ.

Жүжгийн дүрүүдийг “Гайз” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Г.Урнаа, гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, жүжигчин Ш.Доржсүрэн, Д.Түвшинбаяр, Х.Цасчихэр, Г.Золзаяа, Х.Баярмаа, Б.Одгэрэл, Б.Баярсанаа, У.Эрдэнэбаяр, Б.Цогбаяр, Ж.Тэмүүлэн нарын гурван үеийн уран бүтээлчид амилуулж буйгаараа онцлог юм. Эл постмодерн жүжгийн дараа Оросын их зохиолч Антон Павлович Чеховын “Цахлай” жүжгээр тайзны бүтээлүүд амилах болно гэж ОХУ-ын Элчин сайдын зөвлөх, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Амгалан Ринчинович Базархандаев хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.   

Л.Батцэнгэл

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.77.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.