Л.Оюун-Эрдэнэ: Ч.Сайханбилэгийг ойлгож байна. Гэхдээ Ерөнхий сайдууд хуулийнхаа дагуу л явах ёстой!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-11-02

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссоос урлаг, спортын зарим арга хэмжээг өнөөдрөөс нээж байгаатай холбогдуулан хийсэн мэдээлэлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов.  Тэрбээр өнөөдөр сэтгүүлчдийн асуултуудад хариуллаа

Бид ямар бүтцээр ажиллах нь сонин биш. Монгол Улс богино хугацаанд хөгжих нь л чухал. Тухайн цаг үед ямар бүтцээр ажиллах нь Засгийн газрын онцгой бүрэн эрх.

Хоёр яам шинээр байгуулна. Нэг нь эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцна. Өнөөдөр манайд гадаад худалдааг хариуцаж байгаа газар алга. Гадаад харилцааны яам, Сангийн яам, Шадар сайд нарын аль нь хариуцаж байгаа нь тодорхойгүй.

Боомтууд, чөлөөт бүс, КОВИД-19, наадам зохион байгуулах, мэргэжлийн хяналт, худалдан авах зэрэг асуудлууд бүгд Шадар сайдын эрхлэх хүрээнд байдаг. Эдийн засгийг хариуцаж байгаа төрийн захиргааны төв байгууллага алга. Сангийн яам бол төсөв бүрдүүлэх сангийн бодлогоо л хариуцаж байгаа. Хөгжил төлөвлөдөг, гадна, дотнын хөрөнгө оруулагч нартай уулздаг бүтэц алга. Энэ бол бодлогын яам байна. Хоёр дахь Сангийн яам болгож болохгүй.

Хоёр дахь яам нь Цахим хөгжлийн яам. Төрийн үйлчилгээг цахимжуулаад тодорхой үр дүнд хүрсэн гэж бодож байна. Газрын гэрчилгээ, жолооны үнэмлэхтэй холбоотой хүнд суртлууд гайгүй болж байгаа. Энэ ажлыг цааш үргэлжлүүлэхийн тулд цахим яам байгуулах ёстой. Энэ яам байгуулагдсанаар орон тоо нэмэх бус хязгаарлана. Цахим яам байгуулснаар замын цагдаа гэрлэн дохиог зохицуулахгүй болох түвшинд очих ёстой. Өөрөөр хэлбэл, тэр ажлыг хиймэл оюун ухаан зохицуулдаг, цаасны хэрэглээг багасгах түвшинд очих ёстой.

И Монгол академийн тухайд Эстони улсын загвараар улсын үйлдвэрийн газар байгуулж байгаа. Тус академи нь одоогийн салангид байгаа системийг огтлолцуулахад туйлын чухал юм.

Тэрбээр "Оюутолгойтой холбоотой асуудал дээр хэлэхэд гуравдагч улсын хөрөнгө оруулалт орсон, барууны ертөнцийн зах зээлтэй холбоотой манай уул уурхайн салбар ажиллаж эхэлсэн нь өөрөө түүхэн том ололт. Үүнийг Засгийн газар үгүйсгэж болохгүй, цаашид ч болохгүй гэдэг байр суурин дээр хатуу байна гэж бодож байна.

Оюутолгойн гэрээ хийгдэх явц, түүний дараа далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхтэй холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед гарсан шийдвэрүүд дээр эргэж харах зүйл байгаа.

Татвар дээр ашиггүй заалтыг санал болгоод тэр нь батлагдчихсан асуудал байгаа. Үүнээс болоод жил гаруй хугацаанд олон улсын Арбитрын шүүх дээр маргаан өрнөж байна. Хоёрдугаарт зардал өсөх тусам өрөнд ордог бүтэц рүү орчихсон. Монгол Улсын Засгийн газар зардал өсөхөд ямар ч буруугүй гэсэн байр суурь барьж байгаа.

ТЭЗҮ болон бусад асуудлыг 66 хувийг эзэмшиж буй хөрөнгө оруулагч компани өөрөө л хариуцаж байгаа.

  1. 34%-ийг эзэмшигч Монгол Улсын засгийн газар ямар ч алдаа гаргаагүй. Тиймээс үүсэж буй өрөө тэглээч гэж байгаа юм.
  2. Дахиад далд уурхайн зардлын асуудал үүсвэл Монгол Улсын Засгийн газар хариуцахгүй гэх санал тавьж буй.

Хөрөнгө оруулагчдын саналыг бид хүндэтгэж судалж үзэж байна. Бидний хувьд үр өгөөжтэй байх гэдэг байр суурин дээрээ хатуу зогсож байгаа гэв.

Дубайн гэрээтэй холбоотойгоор хэлэхэд эдийн засаг тухайн үед хүнд байсныг ойлгож байгаа. Валютын нөөц тасарсан амаргүй нөхцөл байдал дундуур Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч байсан нь үнэн. Ерөнхий сайд бүр л хүнд залуур дээр суудаг юм билээ. Гэхдээ л эвлэрч чадахгүй хэд хэдэн зүйл бий. Жишээлбэл, энэ баримт бичгийг Засгийн газрын хуралдаанаар оруулаагүй, нэг хүн л субъектив шийдвэр гаргасан учраас эсэргүүцээд байгаа хэрэг. Ерөнхий сайдууд хуулийнхаа дагуу л явах ёстой. Ажлын хэсгийг давж харьцаж болохгүй" хэмээв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.71.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.