Г.Сайханбаяр: Батлан хамгаалах хүчин дотооддоо СУМ ҮЙЛДВЭРЛЭЖ хэрэгцээгээ хангана
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-11-03

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр салбарын үйл ажиллагаа, 2022 оны төсөв, зорилго зорилтуудынхаа талаар танилцууллаа. 

Тэрээр батлан хамгаалахын салбарт зарцуулдаг төсвийн ихэнх хувь нь үйл ажиллагааны зардалдаа зарцуулагддаг гэв. Г.Сайханбаяр сайд "Харамсалтай нь өнөөдрийг хүртэл батлан хамгаалахын төсөв хөгжлийн төсвийн хэмжээнд явж чадаагүй" гэв. Гэлээ ч батлан хамгаалахын салбар бүтээгч үйлдвэрлэгч байх зорилт тавьсан гэлээ. 

"100 жилийн түүхтэй зэвсэгт хүчин өнөөдрийг хүртэл нэг ширхэг ч буу, сум, галт хэрэгсэл үйлдвэрлэж байгаагүй. Харин 2020 онд зэвсэгт хүчин 25 техникийг цэргийн инженер техникийн мэргэжилтнүүдийн хүчээр үйлдвэрлэсэн" гэв.  Тухайлбал, гурван төрлийн тагнуул, байлдааны болон хөнгөн оврын техник үйлдвэрлэснээс гадна 3-30 км-т өөрийн тэжээлээр явах, тагнуул хийх, зураг авах, мэдээлэл дамжуулах, хянах үүрэгтэй дрон бүтээжээ. 

Мөн 1000 км-т холбоо барьдаг Монрадио станцыг үйлдвэрлэж, аналоги системтэй станцыг дижитал болгон шинэчилсэн байна. Эдгээрийг хийхэд нийт 2 тэрбум орчим төгрөг зарцуулсан бөгөөд улсын төсвийн хөрөнгө харахгүйгээр бүтээн байгуулж байгаа зэвсэгт хүчний зэвсэг техникийг аажмаар шинэчлэх боломжтой байна гэжээ. Ирэх жил дотооддоо сумны үйлдвэр байгуулах эхлэлээ тавьж, 2023 онд дотооддоо бүх төрлийн буудлагын сум үйлдвэрлэх хүчин чадалтай болно гэсэн зорилт тавьсан байна. Түүнчлэн 2030 он гэхэд дэлхийн жишигт хүрсэн өндөр чадамжтай мэргэшсэн чадварлаг зэвсэгт хүчинтэй болсон байна гэсэн зорилтыг дэвшүүлжээ.

Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд дараах үндсэн зорилтууд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ба таван ажлыг эхлүүлээд байна гэлээ. 

Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд: 

1. Бага бууны сумны үйлдвэр байгуулах /Ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтад тусгасан/
2. Улсын агаарын хилийн хяналтын системийн чадавхыг нэмэгдүүлэх 
3. Зэвсэгт хүчний удирдлагын төвийн барилгыг шинээр барих
4. Кибер аюулгүй байдлын зэвсэгт хүчний дата төвийг байгуулах
5. Агаарын цэргийн дунд оврын тээврийг нисдэг тэргээр хангах
6. Налайхын аэдромын үндсэн зурвасыг сэргээн засварлах 
7. Газрын тоног төхөөрөмжийг шинэчлэх
8. Зэвсэгт хүчний анги байгууллагын мэдлийн тусгай хэрэгцээний газарт албан тушаалын орон сууцыг барих ажлыг үргэлжлүүлэх
9. Үндэсний батлан хамгаалахын их сургуульд нэгдсэн лабораторийн барилга барих
10. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбарыг туулах чадвар сайтай тусгай зориулалтын хөнгөн хуягласан болон цэргийн тээврийн техник хэрэгслээр хангах, дотооддоо үйлдвэрлэх /2020 онд эхлэлийг тавьсан, тодорхой тооны техник хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэсэн/
11. Барилга инженерийн цэргийн ангийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх /Ажлаа эхлээд сүүлийн хоёр жил тасралтгүй явуулсан/
12. Цэргийн хоёрдугаар шатны эмнэлэг байгуулах бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх
13. Галт хэрэглэлийн нөөцийг шилжүүлэн байрлуулах

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ТӨСӨВ: 295 ТЭРБУМ ТӨГРӨГ

2022 оны батлан хамгаалах салбарын төсөв: 295 тэрбум төгрөг

Нийт төсвийн 83 хувийг үйл ажиллагааны зардал буюу цалин хөлс гэх мэт зүйлд зарцуулдаг  байна. 

Монгол Улсын төсвийн ДНБ-д эзлэх хувийн жин: 0,6 хувьтай байна 

Батлан хамгаалах салбартаа зарцуулдаг төсвийн үзүүлэлтээр Монгол Улс 145 орноос 115 дугаарт орж байгаа аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.210.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.