Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-11-06

Газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Шархүүгийн Оргил эрүүл мэндийн шалтгааны улмаас  үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гаргажээ.

Тэрбээр “Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Ямар нэг дарамт шахалт байхгүй. Өмнө нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хоёр удаа хүнд мэс засалд орж байсан. Одоо дараагийн эмчилгээгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болсон учраас энэ тухайгаа Ерөнхий сайдад гаргасан. Мэдээж төрийн ажил хэвийн, түргэн шуурхай үргэлжлэх ёстой. 12 сарын 15-ний дотор аймгийнхаа төсвийг батлах ёстой. Өвөлжилтийн нөхцөл байдал хаяанд тулсан учраас Ерөнхий сайд энэ асуудлыг нэн даруй шийдэж, үүрэг гүйцэтгэгчийг томилоно гэдэгт итгэж байна. Дараагийн дарга хэн байх нь чухал биш. Гэхдээ манай баг хамт олны ажлыг цааш зөв тэргүүлээд, удирдаад явах хүн байгаасай. Хүнд хамгийн чухал нь ЭРҮҮЛ МЭНД байдаг шүү гэдгийг л хэлье” хэмээн орон нутгийнхаа хэвлэлд өгсөн тодруулгатаа дурджээ.

Ямартай ч түүний хүсэлтийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ёсоор болгож шийдвэрлэсэн гэх. Харин Ш.Оргил даргын ажлыг цааш үргэлжлүүлэ хүнээр Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж гэх эрхмийн нэр яригдаж эхэлжээ. Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж нь Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын талын хүн гэгддэг. 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.245.1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.