“Тэжээлийн тогтвортой менежмент Монголд” семинар болж байна
Үйл явдал
/
2021-11-06

"Тэжээлийн тогтвортой менежмент Монголд" семинар өнөөдөр нээлтээ хийж, Эдийн засгийг хөгжүүлэх, экологийг хамгаалах тэжээлийн менежмент сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Семинарт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх, Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнэ, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн Газрын захирал Томас Панелла, Япон улсын Элчин сайдын яам, АНУ, Канад, Англи болон бусад улсын төлөөлөл оролцож байгаа юм.

 

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн семинарын нээлтэд “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур төдийгүй хүнс, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээний эхлэл болдог. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 73.5 хувьтай тэнцэх эдэлбэр газарт мал аж ахуй, газар тариалан, тэжээлийн үйлдвэрлэл эрхэлж, тус салбар сүүлийн 10 жилийн дунджаар жилд дотоодын нийт бүтээгдэхүүний 12.4 хувийг  үйлдвэрлэжээ.

 

Ялангуяа мал аж ахуйн салбарын гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2020 онд 5.7 их наяд  төгрөгт хүрч өмнөх оноос өссөн дүнтэй байна. Хэдийгээр салбар өсөлтөө хадгалж байгаа ч бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн салбар уур амьсгалын өөрчлөлтөөс шууд хамааралтай хэвээр байна.

Нийт бэлчээрийн зөвхөн 66.7 хувь нь малын тэжээлийн нөөцтэй, харин 33.3 хувьд нь малын тэжээлийн нөөц хүрэлцээгүй нэмэгдэл тэжээл бэлтгэх хэрэгцээ, шаардлага байнга үүсдэг. Үүнийг бид шийдвэрлэж ирсэн. Өвөл хаврын улиралд малыг нэмэгдэл тэжээлээр хангах, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг бий болгох нь тулгамдсан асуудал болж байгаа юм. Манай  оронд сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлттэй холбоотой байгалийн бэлчээрийн нөөц хомстож байгааг зориуд тэмдэглэж байна.

Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй олон төслийн нэг болох “Тэжээлийн тогтвортой менежмент” техник туслалцааны төслийг ХХААХҮЯ болон Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж  байна.

Энэхүү төслөөс олон судалгааны ажлын үр дүнг хүлээж байгаа юм. Тухайлбал, өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээ, газрын гадаргуугийн хэмжилтийг боловсруулан бодлого боловсруулагчдын шийдвэр гаргах үйл ажиллагаанд дэмжлэг болох платформ, цахим сургалтын болон мэдээллийн эх үүсвэрийг бий болгох, энэ чиглэлийн гарын авлагууд, тэжээл үйлдвэрлэл, хадгалалт, хангамжийн асуудлыг хэрхэн сайжруулах тухай заавар, зөвлөмж, аргачлал, бодит санал, төлөвлөгөө, зарим нэг шинэ технологи Монголд нэвтрэх боломжтой гэж үзэж байна.    

Ингээд уг төслийг болон өнөөдрийн семинарыг зохион байгуулахад санхүүгийн  шууд дэмжлэг үзүүлж байгаа Япон улсын Засгийн газрын Ядуурлыг бууруулах сан болон Азийн хөгжлийн банканд талархал илэрхийлье” гэсэн юм.

 

Й

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.32.222)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.