Орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний түүхэн 100 жилийн ойн мэндийг дэвшүүлье
Үйл явдал
/
2021-11-12
Бидний ирээдүй болсон үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авьяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ "Монгол улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 100 жил"-ийн ойн баярын мэндийг дэвшүүлье!
 
Нийслэл хотод 1921 оны арваннэгдүгээр сарын 2-нд 100 орчим сурагчтай 2 багштайгаар анхны бага сургууль байгуулагдсан түүхтэй билээ. “Багш бэлтгэх түр курс”-ыг 1922 онд 2 багш, 15 сурагчтай, 4 сарын хугацаатай хичээллүүлж эхэлснээр өнөөгийн Багшийн сургуулийн суурийг тавьжээ.
 
Улаанбаатар хотод 1923 онд анхны дунд сургууль, 1938 онд бүрэн дунд сургуулийг байгуулсан түүхтэй. Харин өнөө цаг буюу 2021 оны байдлаар 1453 цэцэрлэгт 190991 хүүхэд 8800 багш, 848 ерөнхий боловсролын сургуульд 712353 суралцагч 35100 багш, 88 их, дээд сургуульд 148954 оюутан 6100 багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Хүүхэд багачуудыг боловсролтой, үндэсний ёс, заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, иргэншин төлөвшсөн, шинэ үеийн хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг АРДЫН БАГШ та бүхэн маань үүрч байдаг.
 
Дүүргийн удирдлагуудын зүгээс бага дунд боловсролын сургалтын чанарт тавих хяналтыг сайжруулан сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгаа билээ. Цаашид эрхэм багш нар болон боловсролын салбарт ажиллагсад та бүхний нийгмийн баталгааг сайжруулах, боловсролын салбарын шинэчлэл, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн сурч боловсрох нөхцөлийг эрүүл аюулгүй байлгахад анхааран ажиллахаа илэрхийлэхэд таатай байна.
 
Шинэ зууны Монгол улсын хөгжлийн хурдасгуур, манлайлагчид, боловсролын чанарын шинэчлэлийн түүчээ болсон бүтээлч, оюунлаг, ажилсаг багш таны соён гэгээрүүлэхийн их үйлсэд амжилт хүсэж, эрдэм билгийн гэгээн гэрлээ түгээж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
 
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.20.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.