Урсгал сөрж хүүхэд хохироосон хэргийн шүүх хурал маргааш хаалттай явагдана
Үйл явдал
/
2023-01-24

Иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал маргааш 11:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болно. Насанд хүрээгүй хохирогчтой хэргийн бүх шатны шүүх хурлыг хаалттай явуулдаг тул уг гүүх хурлыг хаалттай явуулна.

Шийдвэр сонсгох хэсгийг дэлгэцээр нээлттэй харуулах боломжтойг шүүхийн эх сурвалж мэдээлэв.

Тэрбээр 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн явган зорчигч 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж, долоон автомашин мөргөсөн осол гаргасан нь билээ.

Ослын улмаас хохирсон 12 настай охины шүүхийн шинжээчийн дүгнэлт "Хүндэвтэр" гэж гарсан. Харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр иргэн Ч.Маралмаа уг дүгнэлтийг эсэргүүцсэн тухай хохирогчийн өмгөөлөгч мэдээлж байв.

Прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн машин жолоодсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт заажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.212.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.