Дорноговь аймаг ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ тэргүүлжээ
Үйл явдал
/
2023-02-03
Аймгуудын өрсөлдөх чадварыг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад Өрсөлдөх чадварын дундаж оноо 9 оноогоор нэмэгдсэн бөгөөд аймгуудын өрсөлдөх чадвар сайжирсан хэмээн дүгнэж буй юм.
“Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г 11 дэх жилдээ танилцуулж байна

Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлж, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгууд 2, 3, 4, 5, 6-рт эрэмбэлэгдсэн нь өнгөрсөн оноос эрэмбийн хувьд өөрчлөлтгүй байна. Харин Дундговь, Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгор аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь аймаг, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг, Засаглалын үр ашиг болон Дэд бүтцээр Дорноговь аймаг 1-рт эрэмбэлэгджээ.

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ 2022

Тайланд тухайн жил өрсөлдөх чадвараар 1-рт эрэмбэлэгдсэн аймаг 100 оноотой гэж үзвэл бусад аймаг хэдэн оноотой байгааг харьцуулдаг.

Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 65 болж өнгөрсөн жилээс 6 оноогоор буурлаа. Мөн бизнесийн үр ашиг үндсэн бүлэг 9 оноо, эдийн засгийн тамир тэнхээ үндсэн бүлэг 6 оноо, дэд бүтэц үндсэн бүлэг 0.6 оноогоор тус тус буурчээ.

Аймаг тус бүрээр нь харвал 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн оноос өссөн. Үүнд Булган, Завхан, Говь-Алтай аймаг багтаж байна. Харин үлдсэн 18 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн онтой харьцуулахад ахиагүй байна.

Ерөнхий оноо хамгийн их буурсан аймагт Ховд, Увс, Баян-Өлгий орж байна.

Аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад:

Ховд аймагт бизнесийн орчны үзүүлэлтүүд,

Увсад бизнесийн эрх зүйн үзүүлэлтүүд,

Баян-Өлгийд технологийн дэд бүтэц, менежмент, хувийн хэвшлийн үзүүлэлтүүд буурсан нь ихээхэн нөлөөлжээ.

Энэ жилийн онцлох үр дүнгээс дурдвал:

Дорноговь аймгийн бизнесийн үр ашиг бүлгийн оноо буурсан хэдий ч, засаглалын үр ашиг, эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн оноо өссөн. Улмаар засаглалын үр ашиг, дэд бүтэц бүлгийн үнэлгээгээр 1-рт эрэмбэлэгдэж, өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлсэн.

Орхон аймгийн ерөнхий үнэлгээ эрэмбийн хувьд өөрчлөлтгүй буюу 2-рт эрэмбэлэгдсэн хэвээр байгаа ч, өрсөлдөх чадварын ерөнхий оноо 2.6-аар буурсан. Үүнд институцийн тогтолцооны үзүүлэлтүүд суларсан нь ихээхэн нөлөөлжээ.

Дархан-Уул аймаг ерөнхий үнэлгээгээр 3-рт эрэмбэлэгдэж өмнөх оны эрэмбэд өөрчлөлт гараагүй ч, өрсөлдөх чадварын ерөнхий оноо 10-аар буурсан. Үүнд нийгмийн тогтолцоо, боловсрол, соёлын үзүүлэлтүүд суларсан нь нөлөөлжээ.

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр 4-рт эрэмбэлэгдсэн Өмнөговь аймаг эрэмбийн хувьд өөрчлөлтгүй ч, өрсөлдөх чадварын ерөнхий оноо 6.7-оор буурсан. Үүнд бизнесийн эрхзүйн үзүүлэлтүүд суларсан нь хамгийн голлох нөлөөг үзүүлжээ.

Нийт 21 аймгаас 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өссөн нь Булган, Завхан, Говь-Алтай аймгууд юм. Булган аймгийн оноо 11-ээр, Завхан аймгийн оноо 8-аар, Говь-Алтай аймгийн оноо 1-ээр өссөн. Гэвч ерөнхий эрэмбээр Булган аймаг 19-рт, Завхан аймаг 20-рт, Говь-Алтай аймаг 18-рт эрэмбэлэгдэж байна

 

No description available.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.28.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.