Канадын зөвлөхүүд хуульч, өмгөөлөгч болон сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үйл явдал
/
2023-02-04

Канад улсын Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, хатагтай Мэри Моро, Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, ноён Марк Ричард, Канад улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн дарга ноён Олег Шаков нар өчигдөр 2023 оны хоёрдугаар сарын нэгэнд Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны төлөөлөлтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн бол өнөөдөр Монголын сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Шүүх засаглал олон нийтийн итгэл дээр оршдог. Шүүх хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх мэдээллийг олон нийт сэтгүүлчдээр дамжуулж авдаг учраас шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо чухал болохыг Канадын зөвлөхүүд онцолж байв. Тиймээс шүүхийг сурвалжлахад сэтгүүлчдэд тулгардаг хүндрэлтэй асуудал болон шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд юун дээр анхаарах ёстой талаар  сэтгүүлчдийн байр суурийг сонирхсон юм.

“Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийн хүрээнд энэ оны 03 дугаар сард Монголд дахиж айлчлах бөгөөд энэ үеэр шүүх, хуульч, өмгөөлөгч, сэтгүүлчдийн төлөөллийг оролцуулсан томоохон хэлэлцүүлэг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэв. Энэхүү төслийн үр дүнд шүүхийн ил тод, нээлттэй байдлыг сайжруулахад тодорхой ахиц гарч, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд дэмжлэг болно хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.38.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.