12 боодол өвс хулгайлсан залууст нэг жилийн хорих ял оноожээ
Үйл явдал
/
2023-02-04

Б болон Э нар бүлэглэж бусдын эзэмшлийн тариан талбайгаас 12 ширхэг ногоон тэжээлийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 48 мянган төгрөгийн хохирол учруулжээ.

Анхан шатны шүүхээс тэднийг бусдын эзэмшлийн талбай руу зөвшөөрөлгүйгээр орж, ногооны тэжээлийг тээврийн хэрэгсэлд ачиж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн. Улмаар тус бүрд 1 жилийн хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Э-ийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгон шийдвэрлэжээ.

Гэвч шүүгдэгч Б-ийн өмгөөлөгч Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Тэрбээр бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй, тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь буруу учир Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах” агуулга бүхий гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуульд  гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураахаар хуульчилсан тул шүүгдэгч  нар  бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Хураангуйг бичсэн: Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.239.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.