Турк улсын аврах ажиллагаанд 35 хүн явуулах санал гаргасан
Үйл явдал
/
2023-02-08

Сүүлийн 84 жилд болоогүй хүчтэй газар хөдлөлийн гамшигт нэрвэгдсэн Турк, Сири улсуудад олон улс тусламжийн гараа сунгасаар байна. АНУ, Израиль, Япон, Швейцарь, Грек, Узбекистан, Азербайжан, Малайз, Тайван, ОХУ зэрэг улсууд аврах багаа илгээгээд буй. Манай улсын тухайд, тусламжийн баг явуулах эсэх нь одоогоор яг таг тодорхой болоогүй байна.

Өнөө өглөө Гадаад харилцааны яамны удирдлагууд шуурхай хуралдаж, УОК болон Шадар сайд С.Амарсайханд тус улсад дэмжлэг, туслалцаа үзүүлэх асуудлаар санал боловсруулж, танилцуулсан байна. Тэрхүү саналдаа манай улсаас тусламжийн баг илгээх агуулгыг дурдсан гэдгийг албаны эх сурвалж өгч байна.

Одоогоор УОК уг асуудлаар ямар нэг хуралдаан хийгээгүй, Онцгой байдлын ерөнхий газрын нэр бүхий удирдлагууд ордонд уг асуудлаар санал солилцон, ярилцаж байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.

-Аврах баг явуулах шийдвэрийг Засгийн газар гаргадаг-

Хуулиараа бол, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээг үндэслэн УОК олон улсын хүмүүнлэгийн тусламж авах саналыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлнэ. Олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд аврах багийг оролцуулах шийдвэр гаргах нь Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх гэсэн үг. Засгийн газар лхагва гарагт л хуралддаг. Эл асуудлыг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж шийдвэрлэж магадгүй байна. Одоогоор хуралдах тов яригдаагүй талаар хэд, хэдэн хүнээс тодруулахад хэлж байна.

-Туркийн засгийн газар тусламж, аврах баг авахгүй гэвэл манайхаас баг явахгүй-

Аврах ажиллагаанд монголоос баг явуулах шийдвэр гаргачихсан гээд шууд давхиад оччихгүй. Энэ нь бас л хуулиар зохицуулагдана. Гамшигаас хамгаалах тухай хуульд зааснаар тусламж үзүүлэгч тал буюу манай улс өөрийн дипломат төлөөлөгчийн байгууллагаар дамжуулан тухайн улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүсэлт гаргана. Үүний дараа тухайн улсын Засгийн газар уг тусламжийг авах эсэхийг өөрсдөө шийдэх юм.

Одоогоор эрэн хайх, аврах ажиллагаанд эмч, сувилагчдын бүрэлдэхүүнтэй, 35 хүн илгээх саналаа тус улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн байгууллагад хүргүүлсэн гэх. Эл саналыг нь Тус улсын Засгийн газар хүлээж авбал, манай улсаас дээрх бүрэлдэхүүнтэй баг явна. Харин эс хүлээж авбал явахгүй гэсэн үг.

Манай саналыг хүлээж авбал, яаралтай баг явуулах шийдвэр Засгийн хурлаар эцэслэгдэж, 35 хүний бүрэлдэхүүнд хэн, хэн багтсан нь тодорхой болох дүр зураг эндээс харагдаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.183.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.