Д.ХОНГОР: Монгол оронд Турк улсад болсон шиг хүчтэй газар хөдлөлт болохыг ҮГҮЙСГЭХГҮЙ
Үйл явдал
/
2023-02-09

Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас олон мянган иргэд нас барж, барилга байгууламжууд сүйдээд байгаа. Монгол оронд ч сүүлийн жилүүдэд газар хөдлөлт олон болсон. Цаашид Турк улсынх шиг нөхцөл байдалд орохыг үгүйсгэхгүй. Энэ талаар тодруулахаар ШУАОГХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Хонгортой ярилцлаа.

Манай улсад хамгийн сүүлд хэдэн магнитудын газар хөдлөлт, хаана болсон бэ?       

Хамгийн сүүлд хоёрдугаар сарын 3-нд Төв аймгийн Борнуурт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. 

Хүнд хэдэн баллаас эхлэн мэдрэгддэг вэ? Өнгөрсөн жил хэчнээн газар хөдлөлт болсон бэ?

3.5 баллаас эхэлж хүнд мэдрэгддэг. 2022 оны хувьд нийт 85000 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн. Гэхдээ энэ нь бүгд хүнд мэдрэгдсэн гэсэн үг биш. Хүнд мэдрэгдэхгүйгээр маш олон газар хөдлөлт болж байдаг.

Тайлбар байхгүй.

Улаанбаатар хотод хамгийн сүүлд хэзээ хэдэн баллын газар хөдлөлт болсон байдаг вэ?

Улаанбаатар хотод 2014 онд 4.2 магнитудын газар хөдлөлт болсон. Бусад мэдрэгдэж буй чичирхийлэл нь өөр голомтоос ирдэг. Сүүлд гэхэд Борнуурт болсон газар хөдлөлт Улаанбаатарт 3.4 баллын хүчтэй мэдрэгдсэн. Улаанбаатарын төвд бол газар хөдлөлтийн голомт байхгүй. Хамгийн ойр орших газар хөдлөлтийн идэвхтэй бүс нь Эмээлтэд байдаг.

Турк улсад маш хүчтэй газар хөдлөлт болж нэлээд хэмжээний хохирол учраад байна. Монгол оронд ийм гамшиг тохиолдох боломжтой юу?

Ийм хэмжээний газар хөдлөлт Монголд болохыг үгүйсгэхгүй. Идэвхтэй бүсүүд олон байгаа учраас урьдчилан таамаглах боломжгүй байдаг. Улаанбаатарт болж буй газар хөдлөлтөд Монголын барилга байгууламж хэр тэсвэртэйг бид хэлж мэдэхгүй л байна. 

Газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломжтой байдаг уу?

Урьдчилан мэдэх боломжгүй. Гадаад оронд урьдчилан таамаглаж болдог гээд байдаг. Залруулж хэлэхэд идэвхтэй голомт дээр амжиж анхааруулах систем багаж суурилуулаад долгион илгээдэг. Энэ нь газар хөдлөлтийн голомтоос суурин газар луу мэдээлэл дамжуулдаг гэсэн үг. Түүнээс биш урьдчилан мэдэх ямар ч боломжгүй байдаг.

Монголд ийм систем байдаг уу?

Монголд гурван голомт газар систем суурилуулсан байгаа. Могод, Дэрэн, Мулнай гэсэн гурван газар ийм систем суурилуулсан.                                                              

Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч болох уу?

Газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломжгүй байдаг тул зөвлөгөө өгөхөд хэцүү байна. Гэхдээ 2019 онд Онцгой байдлын албанаас сургалт зөвлөгөөн явуулж байсан. Зөвлөгөө гэвэл даацын хана, аврах гарц зэргийг маш сайн мэдэж байх шаардлагатай. Мөн ширээн доогуур орох, зэлүүд газар гарах, аль болох хурдан барилга байгууламжаас гарах шаардлагатөай байдаг.

Баярлалаа танд

 

Тайлбар байхгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.77.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.