АМГТГ-ын Төрийн Захиргаа Удирдлагын газрын дарга Г.МӨНХСАЙХАН мэргэжилтнүүдтэйгээ гар зөрүүлж, бэртээжээ
Г.Золбаяр
Үйл явдал
/
2023-02-11
Нам дагавал ам тосодно гэдгийг үлгэрлэж яваа Баянгол дүүргийн төлөөлөгч Г.Мөнхсайхан Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны харьяа Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар өнгөрсөн онд томилогдон очсон. Төрийн албаны туршлагагүй, нам дагасан энэ мэт хүмүүс төрийн албан хаагчдын нэр хүндийг шавартай холихоос гадна төрийн байгууллагын ёс зүйг уландаа гишгэж байна.

Баянгол дүүргийн МАН-ын гишүүн тэрээр УУХҮ-ийн сайдын "Суганд ургасан үс" шиг нь дагаж явсаар ашгүй нэг юм албан тушаалд очсон боловч “Мордохын хазгай” болж архидан согтуурч, улмаар ажилчдаа зодож танхайрсан гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГТГ-ын Төрийн Захиргааны Удирдлагын Газрын дарга БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Г.Мөнхсайхан гэгч нь 2023 оны 02-р сарын 04-нд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын Баянгол хүүхдийн зусланд ажилчдаа хүлээн авч, цасны баяр зохион байгуулж, хамтлаг, дуучид урьж баяр наадам зохион байгуулсан байна. Амарч баярлаж, ажлын стрессээ тайлах гэсэн ажилчдаа харж тэссэнгүй юу, архидан согтуурсан “хурган даргын ямаан омог” хөдөлж, агсам тавьж ажилчдынхаа биед гэмтэл учруулаад зогсохгүй Баянгол хүүхдийн зуслангийн эд хөрөнгийг эвдэлж сүйтгэсэн байна.

Энэ талаар Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс тодруулахад "Тийм гомдол ирсэн нь үнэн" гэдэг мэдээллийг өглөө. Эх сурвалжийн мэдээллээр Н гэгч гомдол гаргажээ. Мөн Баянгол хүүхдийн зуслангийнхан гомдол гаргасан ч хохирлыг барагдуулжээ. Харин хэрэгт холбогдогч нь АМГТГ-ын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Мөнхсайханы хувьд өдгөө Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн албыг давхар хашдаг. 

Төрийн албан хаагчийн ёс суртахуун, удирдах албан тушаалтны зангараг гэдэг зүйл Г.Мөнхсайхан даргад байхгүй нь энэ үйлдлээр нь батлагдлаа. Монгол төр ийм чадваргүй овлигогүй, тавтиргүй, нам дагасан нөхдүүдээс салсан цагт улс орон минь хөгжиж эхлэх биз.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд аа! Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Мөнхсайхан АРХИ УУЖ, АЖИЛЧДАА ЗОДОЖ БЭРТЭЭЧИХЭЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ ЯВЖ Л БАЙГ УУ?!
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.67.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.