Н.МЯГМАРЦООЖ: Иргэд жагсаал зохион байгуулахдаа зөвшөөрөл авах уу гэдгийг санал асуулгаар шийднэ
Үйл явдал
/
2023-02-15
"Зөвлөлдөж шийдье" уулзалтын үеэр иргэний улс төрийн эрх, хариуцлагын асуудлаар МУБИС-ийн Сургалт хамтын ажиллагааны газрын дарга доктор, дэд профессор Н.Мягмарцоож илтгэл танилцууллаа. 

Тэрээр "Улс орны өмнө тулгамдсан тодорхой асуудлыг иргэд хоорондоо ярилцдаг, шийдвэрт нөлөөлдөг тогтолцоо бий болох гэж урт удаан хугацаа болж байна. Иргэний оролцоо гэдэг бол эрх юм. Энэ эрхийг төр засаг бий болгодог. Мөн оролцоо бол өөрөө арга, ардчиллын үндсэн зарчим юм. Ардчилсан нийгмийн оршин тогтнох сүүлийн тулах цэг бол иргэдийн оролцоо юм гэсэн үг байдаг. 

Ардчилал гэдэг үгийг ард түмний засаглал гэж хэлдэг нь иргэдийн оролцоо гэсэн үг юм. Харин төрөөс хэрхэн яаж оролцох механизмыг бий болгох хэрэгтэй. 

Аливаа улс оронд иргэд нь санаачилга гаргах эрхтэй юу гэдэг нь их чухал асуудал байдаг. Иргэдийг хүлээн зөвшөөрөх гэдэг бол их чухал зүйл" гэдгийг хэллээ. 

Мөн "Иргэд жагсаал зохион байгуулахад зөвшөөрөл авах тухай ойлголтыг халж, урьдчилан мэдэгдэх журамд шилжих үү? Энэ бол иргэдийн санаачилга. Бид иргэдийнхээ санаачилгыг хэр зэрэг дэмжиж байна гэдэг нь чухал асуудал юм. 

Үндсэн хуулийн 16 дүгээр зүйлд болон Жагсаал цуглааны тухай хуулиар жагсаалын асуудлыг зохицуулдаг. Иргэд жагсаал цуглаан зохион байгуулахдаа зөвхөн мэдэгддэг эсвэл зөвшөөрөл авдаг хоёр тогтолцоо л дэлхий нийтэд байна. Бидэнд аль нь илүү хэрэгтэй юм бэ гэдгийг өнөөдөр бид нар шийднэ. Миний хувьд тэр нь илүү гэж хэлэхгүй. Ингэх эрх ч байхгүй. 

Зөвшөөрөл авдаг тогтолцоо бол төвөгтэй гэдгийг хүний эрхийн байгууллагуудаас өгч байгаа тайлангаас харж болно. Тиймээс үүнийг эргэж харах хэрэгтэй. Мэдэгдлийн тогтолцоо нь тодорхой жагсаал цуглаан зохион байгуулахаас өмнө холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэх тухай юм. Тухайн мэдээллийг яаж бүртгэх вэ гэдэг асуудал бий" хэмээв. 

Мөн "Иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ хязгаарлалтгүй эдлэх эрх чөлөөтэй холбоотой асуудал бий. Энэ бол иргэний санаачилга юм. Тэгэхээр иргэдийн санаачилгад ямар нэг байдлаар хязгаарлалт тогтоох эсэх тухай өнөөдөр яригдах юм" гэсэн юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.60.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.