БАГАНУУР ХК-ийн гүйцэтгэх захирал асан, Монгол улсын гавъяат уурхайчин Даваасүрэнгийн Дамбапэлжээ Сүхбаатарын одонгоор шагнууллаа
Үйл явдал
/
2023-02-03
Монгол улсын орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж МУ-ын Гавъяат уурхайчин Даваасүрэнгийн Дамбапэлжээг төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасанд уурхайчин хамт олон бид баяртай байна. 2001-2011 онд уурхайн захирлаар ажиллаж байсан түүнийг тухайн үеийн уурхайчид зовлон жаргал ойлгодог, ажлаа мэддэг хэмээн ярьдаг байв. Ажилдаа зарчимч хэдий ч уурхайчдынхаа ар гэр, сэтгэл санааг байнга анхаарч, санаа тавьдаг буянтай захирал байлаа хэмээн уурхайчин хамт олон нь одоо ч ам уралдан ярьдаг. Дархан хотын Политехникумын уул уурхайн цахилгаан механикийн ангийг төгссөн тэрээр Дундговь аймгийн Цагаан-Овоогийн нүүрсний уурхайгаас ажлын гараагаа эхэлсэн түүхтэй. Дараа нь Политехникийн дээд сургуульд уул уурхайн ашиглалт, технологийн мэргэжлийг эзэмшээд 1984 оноос Багануурын уурхайд ирж ажилласан. Багануурын уурхайд 27 жил ажиллахдаа тосолгоочин, технологи дамжлагын засварчин, хэсгийн дарга, ерөнхий инженер, хэлтсийн дарга, гүйцэтгэх захирлаар ажиллаад 2011 онд гавъяаныхаа амралтанд гарсан юм. Д.Дамбапэлжээ нь гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа өөрчлөлтийн менежмент, бүтээмжийн хөдөлгөөний амжилттай өрнүүлж 2005 онд Багануур ХК-ийг “Азийн загвар” компаниар батламжлуулж байв. Өнөөдрийн Багануур ХК-ийн технологийн шинэчлэл, нөхөн сэргээлтийн амжилт гээд ар араасаа цуврах олон амжилтууд түүний хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой.
Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнуулсан Монгол улсын Гавъяат уурхайчин Даваасүрэнгийн Дамбапэлжээ танд баяр хүргэж, эрүүл энх аз жаргалаар дүүрэн, урт насалж, удаан жаргахын ерөөл дэвшүүлье.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.189.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.