БХЯ/: ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ШИЛДЭГ ТАМИРЧИН СОНСОГЧ Э.ЭЛБЭРЭЛ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-02-03
ҮБХИС-ийн ЦНДС-ийн сонсогч Эрхэмзулын Элбэрэл Зэвсэгт хүчний 2023 оны аварга шалгаруулах цэрэгжлийн гимнастикаар өчигдөр гурав дахь медалиа хүртэж, энэ төрөлдөө өөрийгөө дархалж яваагаа дахин нотлов. Оролцсон тэмцээн бүртээ амжилт үзүүлж яваа залуу тамирчин маань 2020 онд ҮБХИС-д сонсогч болж элснээс хойш цэрэгжлийн гимнастикаар 2 алт, нэг мөнгө, багаараа мөн хоёр алтан медалийг хүртээд байна.
Сэтгэгдлийг нь хуваалцахад “Маш их баяртай байна. Уран сайхны гимнастикаар 2011 оноос буюу 6 дугаар ангиасаа хойш тасралтгүй хичээллэж байна. Багшийг минь спортын мастер Б.Булган гэдэг, бид олон амжилт үзүүлснээс томоохон нь гэвэл 2017 онд Малайзад зохион байгуулагдсан Өсвөрийн Азийн аваргын тэмцээнд финалт байр, 2018 онд Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэж байлаа. 2016 онд спортын дэд мастер, 2018 онд спортын мастер, 2019 онд Олон улсын хэмжээний мастер цолоо хүртсэн. Намайг үргэлж дэмжиж, амжилт бүрийн минь ард байдаг аав ээждээ болон багш нартаа баярлалаа” гэсэн юм.
ОУХМ Э.Элбэрэл нь цэргийн холбооны инженер мэргэжлээр суралцаж байгаа гуравдугаар дамжааны сонсогч бөгөөд Зэвсэгт хүчний цэрэгжлийн гимнастикийн чөлөөт хөдөлгөөний төрөлд 2021 онд алт, 2022 онд мөнгө, багаараа алт, 2023 онд алт, багаараа ч алтан медаль хүртжээ. Энэ төрөлдөө тэрээр дотнын найз ҮБХИС-ийн АБДС-ийн оюутан Т.Анутай хамтдаа хичээллэж, амжилтаа ч хамтдаа гаргадаг гэнэ. ҮБХИС-ийн Г.Дашпүрэв багшийн заавраар хичээллэдэг, багшдаа болон биднийг инээхэд ч, гуниглахад ч үргэлж хамт байдаг Б.Энхжин найздаа баярлаж явдгаа илэрхийлж байсан юм.
Сонсогчийн хүсэл мөрөөдөл нь цэргийн холбоогоор шилдэг офицер болж, цэрэгжлийн гимнастикаараа Зэвсэгт хүчиндээ дархлагдсан тэргүүний тамирчин болох гэнэ. Түүний аав Б.Эрхэмзул Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ротын захирагч, ахмад цолтой, ээж Б.Даваажав олон улсын байгууллагад ерөнхий менежер ажилтай, дүү нар ч мөн уран сайхны гимнастикаар хичээллэдэг спортлог айл өрх ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.223.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.