Хагас кокс түлш үйлдвэрлэх гурван төслийн танилцуулга мэдээллийг сонслоо
Үйл явдал
/
Уржигдар 20 цаг 02 мин

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх” Шуурхай штабын III хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хийж байгаа боловсруулсан (хагас кокс) нүүрсний үнэ ханш, чанарын асуудлыг судалж, гарсан санал дүгнэлтийг Засгийн газрын /2025.01.29/ хуралдаанд танилцуулахыг Шадар сайд С.Амарсайханд үүрэг болгосон.

Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2025.01.28/ Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн зарим гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Монгол Улсад хийж хэрэгжүүлсэн шахмал түлшний төсөл, үйлдвэрлэлтэй холбоотой асуудлыг танилцуулсан. Тодруулбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн түүхий нүүрсний хэрэглээг багасгаж ахуйн хэрэгцээнд хагас коксон түлш нийлүүлэх төсөл хөтөлбөрүүд 2007 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн.

Үүнд:

- Элдэвийн уурхайн нүүр ашиглан “МАК” ХХК, 2011 он

- Шарын голын уурхай, “ШАРЫН ГОЛ ЭНЕРГО” ХХК, 2008 он

- Шарын голын уурхай, “НАКО” ХХК, 2008 он

- Төгрөг нуурын уурхай, “ТӨГРӨГ ЭНЕРЖИ” ХХК, 2010 он

- Багануурын уурхай, “ДЦС-2” ТӨХК, 2010 он

- Баянтээгийн уурхай, Орон нутгийн үйлдвэр, 2020 онуудад тус тус ажиллаж байсан.

Дээрх хагас түлшний үйлдвэрүүдээс нь “МАК” ХХК, “ШАРЫН ГОЛ ЭНЕРГО” ХХК, “НАКО” ХХК-иуд 2011-2015 онуудад 10 мянга орчим тонн хагас коксон түлш нийлүүлсэн гэх мэдээллийг өглөө.

Үүний дараа хагас коксон түлш үйлдвэрлэх боломжтой гурван төсөл, арга хэмжээ болоод нүүрсний үнэ ханш, чанар лабораторийн дүгнэлт мэдээллийг сонслоо.

Үүнд:

✅Бөөрөлжүүтийн уурхайн хагас коксын төсөл​

Төв аймгийн Баян, Баянжаргал сумын нутаг дэвсгэрт байрлах Бөөрөлжүүтийн уурхайн нүүрсийг ашиглан жилд 240,000 тонн хагас коксон түлш үйлдвэрлэх боломжтойг төслийн баг танилцууллаа. Одоогийн байдлаар төслийн нийт өртөг болон бүтээгдэхүүний өртгийн тооцоолол гараагүй байна. Урьдчилсан байдлаар БНХАУ-д хагас коксон бүтээгдэхүүний дээжийг үйлдвэрлэж ирүүлсэн. Бүтээгдэхүүний хаягдал утааны хийн агууламжийг Тавантолгой түлш ХХК-ийн түлштэй харьцуулахад TSP- тоосонцор 4.4 дахин бага, NOx- азотын ислүүд 6 дахин бага, CO-угаарын хий 7,5 хувиар, SO2-хүхэрлэг хийн агууламж 3.7 дахин их байгаа боловч стандарт хэмжээнд байна.

✅“Хөх нүүрс” төсөл

“Хөх нүүрс” төсөл нь Багануурын уурхайн нүүрсийг ашиглан жилд дунджаар 850,000 тонн хагас коксон түлш үйлдвэрлэх боломжтой. Бүтээгдэхүүний өртөг нэг тонн нь 191.7 мянган төгрөг бөгөөд төслийн нийт хөрөнгө оруулалт 190 сая ам.доллар байна. Бүтээгдэхүүний дээжийн хаягдал утааны хийн агууламжийг Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан түлштэй харьцуулахад TSP- тоосонцор 3.7 дахин бага, NOx- азотын ислүүд 6 дахин бага, CO- угаарын хий 27 хувиар, SO2-хүхэрлэг хийн агууламж 2.7 дахин бага байгаа тухай танилцуулав.

✅“Ян сарьдаг оргил” ХХК-ийн төсөл

Тус компанийн хагас коксон түлшний үйлдвэр нь Багахангай дүүрэгт байрлах бөгөөд үйлдвэрлэлийн техникийн шаардлага хангасан нүүрсийг хүлээн авч үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 480,000 тонн хагас коксон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор бүтээгдэхүүний өртөг болон төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхойгүй байгаа талаар албаны хүн мэдээлэв.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ШУТИС, эрдэмтэн судлаачдыг оролцуулан нийслэл Улаанбаатар хотын айл өрхүүдийн ашиглаж байгаа зуухнуудаас сонгож эдгээр коксон түлшийг түлж туршилт хийж зуухны стандарт, хэрэглээтэй холбоотой асуудлыг нэг мөр болгох, коксон түлш үйлдвэрлэж байгаа зуухны стандартыг батлах шаардлагатайг онцоллоо. Харин туршилт хийхдээ ганц нэг хоног биш 7-8 хоног нарийн туршиж, ямар зууханд ямар өөрчлөлт гарч байгаа үр дүнг танилцуулахыг үүрэг болгов. Мөн тухайн компаниуд бүтээгдэхүүнийхээ өртөг зардлын мэдээллийг маш нарийн тодорхойлж гаргахыг санууллаа. Дээрх мэдээллийг маргаашийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэл ажлаа хангахыг холбогдох албаныханд даалгалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.152.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.