УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуультай хамтран Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Монголын МГИМО төгсөгчдийн холбооны дэмжлэгтэйгээр “Хурдацтай өөрчлөгдөн буй дэлхий ертөнц дэх Монгол Улсын гадаад бодлого” сэдэвт онол-практикийн эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр /2025.01.29/ Төрийн ордонд зохион байгууллаа.
Хурлыг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нээж үг хэлэв.
Манай улс гадаад бодлогын үндсэн суурь баримт бичиг болсон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Гадаад бодлогын үзэл баримтлалдаа энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан, нээлттэй, гадаад бодлоготой байхаа тусган хэрэгжүүлж байгаа. Тэгвэл сүүлийн жилүүдэд дэлхийн дахинд өрнөж байгаа үйл явдлууд, өөрчлөлтүүд Монгол Улсын хувьд энэ бодлогоо тууштай хэрэгжүүлэх, илүү тодотгож, бэхжүүлэх шаардлага байгааг бидэнд тодхоноо харуулж байна хэмээн онцлов.
Тэрбээр, Сүүлийн жилүүдийн терорризм, дайн байлдаан, өнгөт хувьсгал зэрэг тогтворгүй байдлууд, залгаад цар тахлын нөлөөлөл, геополитикийн хүчин зүйлс зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлууд үндсэндээ олон улсын тогтсон, хүлээн зөвшөөрөгдсөн дэг журмыг өөрчилж байна.
Дэлхийд өрнөж байгаа зэвсэгт мөргөлдөөн, дайны асуудлууд нь дэлхий ертөнцөд энх тайванч байх нөхцөлийг улам холдуулж, улс орнууд аажим аажмаар батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэн зэвсэглэлээр хөөцөлдөж эхлээд байна.
Өөрөөр хэлбэл, олон улсын дэг журам, геополитикийн уламжлалт чиг хандлага, хүчний тэнцвэрт харьцаа өөрчлөгдөж хүчний шинэ шилжилт хөдөлгөөн эрчимжиж байгаа, улс гүрнүүдийн сонирхлын зөрчил идэвхжиж байгаа, зарим гүрнүүдийн 1 талт буюу үндсэрхэг бодлого газар авч байгаа энэ цаг үед бид гадаад бодлогодоо илүү анхаарал хандуулах, даван туулахад оролцоогоо илүү идэвхижүүлэх шаардлага тулгарч байна хэмээлээ.
Өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд өнөө цагт өөрчлөгдөж байгаа нөхцөл байдал, мэдээллийг цаг үетэйгээ нийцүүлэн илүү судалгаа тооцоотой, бодитойгоор дүгнэх, Монгол Улсын гадаад бодлогод тулгарч байгаа шинэ сорилт, тулгарч байгаа асуудлыг зөвөөр үнэлж, бодлогоо боловсруулахыг шаардаж буйг Байнгын хорооны дарга тэмдэглэсэн.
Энэ ч үүднээсээ онол-практикийн эрдэм шинжилгээний бага хурлаар Монгол Улсын гадаад бодлогыг олон талаас нь хэлэлцэн түүний шинэ сорилт, ололтын талаар судлаачдын байр суурийг сонсож, хэлэлцэх боломж бүрдэнэ гэж харж байгаагаа тэрбээр илэрхийлээд, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг тус яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Д.Мөнхтөр уламжлав.
Уг мэндчилгээнд, Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгаа. Эдгээр айлчлал нь нэг талаас Монгол Улсын гадаад бодлогын амин сүнс болох харилцааны тэнцвэрт байдлыг хадгалж байгаагийн тод илрэл. Нөгөөтэйгүүр бид гадаад бодлогынхоо үндсэн зарчмыг тууштай баримталж байгааг дэлхий дахинд нотлон харуулж байгаа хэрэг юм. Ийнхүү тууштай зарчим, идэвхтэй ажиллагааны дүнд бодлого, дуу хоолойгоо олон улсад хүргэх талбар боломж нээгдэж нэмэгдэж манай улсын гадаад бодлого олон улсад танигдаж буй нь өнөөгийн гадаад орчны ээдрээтэй нөхцөл байдлыг даван туулахад чухал нөлөө үзүүлж байна хэмээн дурджээ.
Дэлхийд нөлөө бүхий тоглогчид буюу 2 их гүрний дунд оршин буйн хувьд олон улсад өрнөж буй аливаа үйл явдал бүр манай улсад шууд нөлөөлөх болсныг сайд мэндчилгээндээ дурдаад, уламжлалт болон уламжлалт бус аюул хосолсон өнөөгийн нөхцөл байдалд бид илүү хурдтай, ухаалаг, чадварлаг ажиллах шаардлагатай болж байгааг онцолсон байна.
Энэ өдрийн хурлын үндсэн илтгэлийн эхнийх нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, доктор, профессор Д.Уламбаярын “Монгол Улсын Гадаад бодлогын шинэ парадигм: Сорилт, ололт, тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэл байв.
Монгол Улсын аюулгүй байдлын үзэл баримтлалд, “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ” гэж томьёолсныг илтгэлийнхээ эхэнд дурдаад, үүнийг өдгөө шүүмжлэлтэй авч үзэх шаардлагатай болж буйг тодотгов. Өнөөгийн даяаршсан, дижиталчлалын нөхцөлд үндэсний аюулгүй байдлын гадаад, дотоод нөхцөл бүрдсэн байх боломжгүйг дурдаад, үндэсний язгуур эрх ашгийг хангах гадаад, дотоод таатай нөхцөлийг тасралтгүй хангах үйл явцыг үндэсний аюулгүй байдал гэж үзэх ёстой хэмээн доктор Д.Уламбаяр тэмдэглэсэн.
Туйлшрах хандлага хүчтэй гүнзгийрчхээд байгаа үед гадаад харилцаагаа эрсдэлгүй хөгжүүлэх нь маш чухал болохыг тэрбээр онцолсон. Харин үүнийг хэрэгжүүлэх хамгийн чухал арга хэрэгсэл нь тэнцвэртэй гадаад харилцаа хэмээн илтгэлдээ дурдсан юм. Түүнчлэн Монгол Улсын гадаад бодлогод тулгарч буй асуудал, сорилт, ололт, геополитикийн шинэ нөхцөл байдал, Монгол Улсын гадаад бодлогын шинэ хэв шинжийн талаар мэдээлэл хүргэсэн.
Дараа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн Аюулгүй байдлын бодлогын ахлах шинжээч, доктор Г.Базарваань “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг гадаад бодлогын арга хэрэгслээр хангах нь”сэдвээр илтгэл танилцуулсан.
Түүний илтгэлийн гол агуулга нь Монгол Улсын гадаад бодлого ямар байгаа, гадаад бодлогын хэрэгсэл гэж юу болох, гуравдагч хөршийн бодлого аюулгүй байдлыг хангах гадаад бодлогын хэрэгсэл болох тухай байлаа.
Тэрбээр, Олон улсын харилцаанд улс орон хэрхэн оролцох нь гадаад бодлого бөгөөд энэ нь стратеги, тактик, арга хэрэгслийн цогц байх ёстой гэдгийг илтгэлдээ тодотгосон. Энэхүү цогц ойлголтын гол цөм нь үндсэн язгуур ашиг сонирхол байх ёстой. Язгуур ашиг сонирхол нь үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн элемент бөгөөд гадаад бодлогынхоо арга хэрэгслийг хэрхэн явуулах нь дипломат ажиллагаан дээр суурилах ёстой гэв.
Доктор Г.Базарваань илтгэлдээ гадаад бодлого, арга хэрэгслийн талаар болон гуравдагч хөршийн бодлого аюулгүй байдлыг хангах гадаад бодлогын хэрэгсэл болох талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, дүгнэлтээ танилцуулсан юм.
Мөн хуралд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн ахлах шинжээч, доктор Ё.Жаргалсайхан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн арга хэрэгслээр хангах нь” сэдвээр илтгэл тавив.
Үндэсний аюулгүй байдал дахь эдийн засгийн сорилтууд, улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд, гадаад худалдаа, бусад улс орнуудын туршлага, эдийн засгийн хөгжлийг хангах гол арга замуудын талаар тэрбээр илтгэлдээ дурдсан бол ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрхлэгч, доктор, профессор А.Даваасүрэн “Монгол Улс, ОХУ-ын худалдаа-эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны тулгамдсан асуудал” сэдэвт илтгэлдээ Монгол, Оросын хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ижил төстэй талууд, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, Монгол Улсын экспортын болон импортын гол нэрийн барааны худалдаа, хил орчмын хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлсэн. Тэрбээр ОХУ болон ЕвроАзийн эдийн засгийн холбооны зүгээс тавьж буй тарифын хориг саадуудын талаар дурдаад, дүгнэлт танилцуулсан бөгөөд уг дүгнэлтэд Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүн гэж үздэг ОХУ-ын газрын тос болон цахилгаан эрчим хүч, гурил, будааны нийлүүлэлт Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд баталгаажих боломж бүрднэ гэж үзэж буйгаа дурдсан. Тиймээс цаашид Монгол Улсын экспортын барааны нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, боловсруулалтын түвшинг дээшлүүлэх зорилгоор импортыг орлох боловсруулах аж үйлдвэрийн хүчин чадлыг шинээр байгуулах хэрэгцээ, шаардлага байна гэж үзжээ.
Хятад судлаач, доктор Х.Баярхүү “Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэл: асуудал шийдэл” сэдэвт илтгэлдээ БНХАУ-ын гадаад бодлого, шийдвэр гаргалт, Иж бүрэн стратегийн түншлэл, хоёр орны худалдааны нөхцөл байдлын талаар танилцуулав. Тэрбээр, Монгол, Хятадын харилцаа улс төрийн хувьд иж бүрэн стратегийн түвшинд хүрч харилцан итгэлцэл харилцаа, хамтын ажиллагаа маш идэвхтэй өрнөж байгаа ч хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх хүрээнд цөөнгүй арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага байгааг тодотгосон. Үүнд уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалт, боомтын холболтын түргэтгэх шаардлагатай хэмээгээд эрчим хүч, ногоон, сэргээгдэх эрчим хүчний салбарт үлгэр жишээ төсөл хэрэгжүүлснээр Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ, чанар, түвшинг дээшлүүлнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Үдээс хойших хуралдаанаар “Монгол Улсын гадаад бодлогын шийдвэр гаргах үйл”, “ШХАБ-ын өргөжилт ба Монгол Улс”, “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статус, цаашдын чиг хандлага”, “Монгол Улсын энхийг сахиулах ажиллагаа: Сорилт, боломж”, “Их гүрнүүдийн геополитикийн сөргөлдөөн ба Монгол Улс дахь түүний тусгал” сэдвээр эрдэмтэн, судлаачид илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг үргэлжилж байна
-
6 цаг 18 мин
-
Өчигдөр 18 цаг 39 мин
-
Өчигдөр 17 цаг 49 мин
-
Өчигдөр 17 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 41 мин
-
Өчигдөр 10 цаг 51 мин
-
Өчигдөр 09 цаг 11 мин
-
Уржигдар 20 цаг 02 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Өчигдөр 18 цаг 39 мин
-
Уржигдар 20 цаг 02 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин