Төсвийн шууд захирагчдын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүнг Төрийн аудитын байгууллагын цахим хуудсанд нээлттэй байршуулж эхлээд буй. Тэгвэл энэхүү аудитаар илэрсэн алдаа зөрчлүүдийн талаар хүргэж байна. Тухайлбал гадаад харилцааны яам 2021 оны нэгдүгээр сарын 25-наас 2021 оны хоёрдугаар сарын 25–ны хооронд хийж гүйцэтгэсэн бөгөөд аудитаар 1,603,529.7 мянга буюу 1.6 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илэрчээ.
Материаллаг байдлын суурь үзүүлэлтээр 2020 оны жилийн эцсийн санхүүгийн үр дүнгийн нийт зардлыг сонгож, эрсдэлийн түвшинг “дунд” гэж үнэлэн материаллаг байдлын хувь хэмжээг нэг хувиар тогтоожээ.
Түүнчлэн Гадаад харилцааны яамны 2020 оны жилийн эцсийн санхүүгийн байдлын тайлангаарх нийт хөрөнгийн дүн өмнөх оноос ₮530 сая төгрөгөөр буюу 4.6%-аар буурсныг тайланд онцолсон байна.
Өмнөх оны үзүүлэлтээс мөнгөн хөрөнгө, авлага, урьдчилж гарсан зардал, бараа материал, үндсэн хөрөнгийн дансанд материаллаг өөрчлөлт гарсан байна. Тухайлбал:
- Урьдчилж гарсан зардлын дансны үлдэгдэл 63,286.2 мянган төгрөгөөр буурсан нь “Галт хан” мэдээллийн аюулгүй байдлын программын лицензийн урьдчилгаа төлбөрийн тайлант онд ногдох дүн байна.
- Бараа материалын зардлын дансны үлдэгдэл 332 сая төгрөг болж, 183 сая төгрөгөөр өссөн нь тусгай зориулалтын материал буюу цахим болон энгийн гадаад паспорт 194 сая, бичиг хэргийн материал 61.4 сая, аж ахуйн материал 2.1 тэрбум, барилгын засварын материал 223 сая, бусад хангамжийн материал 225 сая төгрөгөөр тус тус худалдан авсан байна.
- Үндсэн хөрөнгө дансны үлдэгдэл 10.3 тэрбум төгрөг болж 595 сая төгрөгөөр буурсан нь тайлант оны элэгдлийн зардлаас шалтгаалжээ. Үндсэн хөрөнгийн данс урсгал төсвийн хөрөнгөөр бэлтгэсэн 161 сая төгрөгийн хөрөнгөөр нэмэгдсэн, 756 сая төгрөгийн элэгдлийн зардлын дүнгээр буурсан байна.
- Өр төлбөр дансны үлдэгдэл 29.3 сая төгрөг болж 82.9 сая төгрөгөөр буурсан нь Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар УТҮГ-т өгөх 59 сая төгрөгийн шатахууны зардлын өглөгийг барагдуулснаас шалтгаалжээ.
- Орлого өмнөх оноос 213 сая төгрөгөөр буурсан байна. Өмнөх оны үзүүлэлтээс материаллаг өөрчлөлт гарсан туслах үйл ажиллагааны орлого COVID-19 цар тахалтай холбоотойгоор 2 тэрбум төгрөгөөр буурсан байна.
- Нийт зардал өмнөх оноос 537 сая төгрөгөөр өссөн байна. Энэ нь цалингийн зардал 442 сая, НДШ-ийн зардал 140 сая, бараа үйлчилгээний бусад зардал 1.8 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэнээс голлон шалтгаалжээ.
Улсын төсөвт төвлөрүүлэх орлого Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд зааснаар тайлант онд төсөвт байгууллагын өөрийн үйл ажиллагааны 1.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсанаас гүйцэтгэлээр 108 сая төгрөгийн орлогыг бүрдүүлж, баталсан төлөвлөгөөг 1.45 тэрбум буюу 93%-аар тасалсан аж.
Өмнөх зөвлөмжийн хэрэгжилтээс дурдвал Гадаад харилцааны яамтай “ХӨМОТЭ” ХХК нь гэрээ байгуулан “Ёслол хүндэтгэлийн өргөө”-ний барилгын ажил 2013 оноос баригдаж эхэлсэн ба 2017 онд ашиглалтад ороход бэлэн болсон боловч дуусаагүй барилга байгууламж дансанд бүртгэлтэй 4 жил болсон бөгөөд одоогоор улсын комисс хүлээн авсан шийдвэр гараагүй, тус компанитай шүүхийн маргаантай, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгааг тайланд онцолсон байгаа юм.
Хүснэгт. Аудитаар илэрсэн алдаа, зөрчлийн жагсаалт
Төсвийн төлөвлөлтэй холбоотой асуудал:
- Олон улсын хамтын ажиллагааны санд үндсэн үйл ажиллагааны орлого төвлөрүүлэн зарцуулах эрхтэйгээр 990 сая төгрөгийн төсөв төлөвлөн батлуулсан боловч зарцуулалт гаргаагүй байгаа нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах" гэсэнтэй нийцэхгүй байна.
- ГХЯ-ны төсөвт байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөг 1.6 тэрбэм төгрөгөөр төлөвлөснөөс 1.45 тэрбум төгрөгийг орлого тасарсан нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.1-т "хуулийн дагуу улс, орон нутгийн төсөвт оруулах болон тухайн төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг бүрэн төвлөрүүлэх" заалттай нийцэхгүй байна.
- Урсгал зардлаас нийт 161 сая төгрөгийн үндсэн хөрөнгө бэлтгэсэн нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д "батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах" гэсэн заалттай нийцэхгүй байна.
Дээрх асуудлуудтай холбоотойгоор ГХЯ-наас аудитаар гарсан алдаа, зөрчлийг хүлээн зөвшөөрч зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллана хэмээх тайлбар өгсөн байна.
Аудитын дүгнэлтэд үндэслэсэн зөвлөмжийн биелэлтийг төрийн аудитын байгууллагад 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн дотор хүргүүлэх ёстой аж.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин