Яармаг дахь хотын захиргааны ШИНЭ БАЙРАНД Ерөнхийлөгчийн охин СТАРТ АП компаниа нээжээ  
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-04-21

Хотын түгжрэлийн дийлэнх хувийг хотын захиргааны байгууллагад ажилладаг төрийн албаныхан эзэлж байна гэж үзээд 2013 онд Улсын Баатар Э.Бат-Үүл хотын дарга байхдаа Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд “Хотын захиргааны шинэ байр” барих гэрээ байгуулж, зураг төслийг нь гаргаж билээ. Харин түүний энэ бодлыг 2016 оныд хотыг удирдсан МАН-ын багийнхан тууштай дэмжсэн ч байрлалыг нь өөрчилж Яармаг руу нүүлгэсэн. Нийт 58.262 м2 талбай бүхий гурван блок барилга баригдах бөгөөд А блок 10 давхар, Б блок 13 давхар, В блок гурван давхар байхаар тооцож нийтдээ 100 орчим тэрбум төгрөгөөр уг байгууламжийг барьсан ч ашиглалтад хүлээж аваагүй л байна.

Яармагийн дэнжийг наадмын дэвжээ байхад тэнд улсын баяраар барилдаж, заан цол хшртэж байсан өнөөгийн хотын дарга маань харин шинэ байрандаа нүүж орохыг нэг их чухалчлахгүй байгаа юм. Тэрбээр   “Би хотын захиргааг нүүлгэхгүй гэж бодож байгаа. Яагаад тэнд Эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын залуучуудын инновацын төв, Шинжлэх ухааны хүрээлэнгүүд байж болохгүй гэж. Би залуучуудаа, старт-ап компаниудыг дэмжиж, Монголын залуучуудын инновацын төв болгож, тэнд залуучууд цугласан,  өөрсдийнхөө мэдлэг, чадвараа хөгжүүлж,  дэлхийн хөгжилтэй уралдсан байдлаар хөгжөөсэй. Яармагийн хөндийгөөс дэлхийд Монголын старт-ап компаниуд, Монголын технологиуд гараасай л гэж бодож байна” саяхан ярьсан нь хэвлэлийн хуудаснаа мөнхөрч одоо ч бүрэн арилаагүй байна.  Харин хотын захиргааны шинэ барилгыг Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагт барьсан шинэ барилга руу нүүлгэн шилжүүлэхээр болсон. Үүний дагуу нийт 5.0 га хэмжээтэй талбайн 0.9 га газрыг барилгажуулах бөгөөд захиргааны нийт гурван блок барилга баригдаж дуусаад буй. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/149 дугаар захирамжийн дагуу хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Шинэ хотын төвд Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор байгуулах зураг, төсөв хийгдсэн  А блок барилгад НИТХ-ын ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Б блокт Нийслэлийн харьяа байгууллага, агентлагууд, В блокд иргэд хүлээн авах, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээ, спорт заал байхаар зураг төсөл хийгдсэн. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машин зорчдог гэсэн судалгаа гарсан байдаг. Үүнээс үүдэн хэт төвлөрөл, авто замын түгжрэл, нийтийн эдэлбэр газрын хүрэлцээгүй байдал, авто зогсоолын хүрэлцээгүй байдал зэрэг асуудлууд тулгарч байгаа. Хотын захиргааг Яармаг руу нүүлгэснээр дээрх ачаалал тодорхой хэмжээгээр буурна хэмээн анх тооцоолж байсан юм.

Тэгвэл хотын даргын хэлсэн ёсоор залуучууд тэнд байрлаж “старт-ап компаниудыг дэмжиж, Монголын залуучуудын инновацын төв болгон ашиглаад эхэлжээ.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн охин Б.Намуун тэргүүтэй залуучууд бусдыгаа үлгэрлэж тус барилгын A блокын 1000 мкв бүхий талбайд өндөр технологи, инновацын үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн “Монгол, Солонгосын хамтарсан гарааны бизнесийг дэмжих төв” байгуулаад эхэлжээ. Төслийг БНСУ-ын талаас “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллага,  Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, МУ-ын талаас Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон төслийг санаачлагч “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл” ТББ нар хамтран хэрэгжүүлж байгаа аж. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.144.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.