Э.ПҮРЭВСҮРЭН: Хогийг хэрэгтэй хувцсаараа сольж, халуун кофе уух боломжтой
Сэдэв, асуудал
/
2023-02-01

Монгол улсад жилд 1.5 сая тонн хог хаягдал гардгаас Улаанбаатар хотод 1.4 сая тонн хог хаягдал үүсдэг. Нийт хог хаягдлын 85 хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байдаг. Гэвч үүний 11.4 хувийг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна. Хог хаягдлыг бууруулах хамгийн зөв шийдэл бол дахин боловсруулалт. 

Хог хаягдлыг дахин боловсруулж эргэлтэд оруулахад чухал нөлөө бүхий байгууллагыг онцлохыг зорилоо.

Иргэдийн дахивар хог хаягдлыг хүлээн авч дахин боловсруулах үйлдвэрүүдэд дамжуулах иргэд компани хоорондын гүүр болж буй “Эерэг давалгаа” дахивар хог хүлээн авах цэгээс сурвалжиллаа.

“Хог бол баялаг” ТББ-ын тэргүүн Э.Пүрэвсүрэн:

Энэ хөтөлбөр бас нэлээн хэрэгтэй санаа, санаачлага гарган ажиллаж байгаа санагдлаа. Хэзээнээс хэрэгжиж эхэлсэн хөтөлбөр вэ?

Швецарийн хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын  хог хаягдлийг цуглуулах, тээвэрлэх менежмент” гээд төсөл хэрэгжсэн. Уг төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 2,4-р хороо, Чингэлтэй дүүргийн 7,12-р хороонд  “Эерэг давалгаа” нэртэй дахивар худалдан авах цэг байгуулаад 4 сар орчим хугацаа өнгөрсөн байна. Иргэдээс дахивар хог хаягдлыг худалдан авч дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг иргэн болон үйлдвэрийг холбох гүүр болсон байгууллага байгаа.

Долоо хоногт хэд орчим тонн хог хаягдал ирдэг вэ?

Хуванцар сав гэхэд л хоёр тонн орчим, картонон хайрцаг долоо хоногт таван тонн орчим, гялгар уут нэг тонн орчим ирдэг.

Хэдэн нэр төрлийн хаягдал авдаг вэ?

Шил, цаас, хуванцар, лааз, гялгар уут, картонон хайрцаг, хөөсөнцөрүүд гэх мэтчилэн найман төрлийн бүтээгдэхүүн авдаг.

Хамгийн их ирдэг хаягдал юу вэ?

Хуванцар, картонон хайрцаг л хамгийн их ирдэг. Бусад дахин боловсруулах хог авдаг цэгүүд цаасыг авдаггүй. Манайх бол авдаг. Картонон цаас авдаг болсноор эрэлт нэлээн нэмэгдэж байгаа.

Дахивар хогоо тушаагаад өөрт хэрэгтэй зүйлээр сольж болдог гэсэн. Яг ямар зүйлсээр сольж болдог вэ?

Гэртээ байгаа хогоо хаяж байгаль орчныг бохирдуулах бус ангилж ялгаад авчирвал мөнгө болгох боломжтой. Жишээ нь хуванцар сав гэхэд нэг кг нь 200 төгрөг, картонон хайрцаг нэг кг нь 20 төгрөгөөр худалдаж авдаг. Портер дүүрэх хэмжээний байвал очоод авчихдаг. Манайд дахиваруудаа авчирч өгснөөрөө үнэгүй wifi ашиглах, даралтаа үзэх, халуун цай кофе уух, өөрт хэрэгтэй хувцас хэрэглэлээрээ солих боломжтой. Тухайлбал хоёр кг хуванцар тушаагаад хүүхдийн форм авах боломжтой байдаг. Мөн та хэрэглэхээ больсон хувцсаа манайд өгөөд өөрт хэрэгтэй зүйлсээ авах боломжтой.

Дахивар хог хаягдал танайхаас гараад цааш ямар шат дамжлагаар эцсийн бүтээгдэхүүн болдог юм бол?

Манайд хог хаягдал дахин боловсруулах 44 үйлдвэр байдаг. Жишээлбэл хуванцар сав боловсруулах гэхэд л 20 гаруй үйлдвэр байдаг. Хуванцар савыг үрэл болгоод бэлдэц гаргана. Үлээгээд сав болгох эсвэл заримыг урагш нь гаргадаг. Бас картонон хайрцагаар бол хайрцаг хийдэг. Эсвэл архивын гадна талын хавтас хийдэг. Мөн цаасан хаягдлыг “Түмэн шувуут” компани аваад дахин боловсруулж өндөгний сээтэг гаргадаг. Дахин боловсруулж буй бүтээгдэхүүнүүд хямд, чанартай байдаг. Мөн дотоодын үйлдвэрээ дэмжиж байгаа хэрэг болно.

Танд баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.164.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.