
УИХ-ын чуулганы өчигдрийн \2025.04.10\ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, "Богино эргэлттэй, өндөр хүүтэй мөнгө хүүлэх байдал газар авсан нь ажиглагдсан. Ирэх долоо хоногт Монгол банк болон арилжааны банкны удирдлагуудтай зээлийн хүүг бууруулах асуудлаар нээлттэй ярилцлага зохион байгуулна.
Банкууд дэргэдээ Банк бус санхүүгийн байгууллага байгуулаад банкнаас арилжааны зориулалтай зээл аваад банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан иргэдэд хэрэглээний зээл хэлбэрээр өгдөг. 2024 онд банкуудаас Банк бус санхүүгийн байгууллагуудын авсан зээл 700 гаруй тэрбумд хүрчээ. Банкнаас жилийн 24 орчим хүүтэй авсан зээлээ иргэдэд олгохдоо 36-50 хувь хүртэл хүүтэй зээлдэг. Улмаар ломбардууд дахин илүү өндөр хүүтэй зээл олгож, иргэдэд санхүүгийн дарамт үзүүлж буйг УИХ-ын түвшинд зохицуулах шаардлагатай" гэв.
УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Э.Батшугар "Дэлхийн 28 орны туршлагыг судалсан. 2004-2019 оны хооронд зээлийн зэрэглэлээ тогтоосон орнуудад зээлийн хүү нь 3,2- 3,4 хувиар буурсан. Вьетнамын зээлийн хүү манайх шиг 18 хувьтай байснаа 12,14 хувь рүү буурчээ.
Банкны зээлийн хүүгийн бүтцийг задлаад 100 хувь гэж харахад
- 63 хувь нь эх үүсвэрийн,
- 15 хувь нь эрсдэлийн
- 12 хувь нь үйл ажиллагааны дотоод зардал юм.
Иргэн бүр онооны системд шилжвэл эрсдэлийн зардал буурна. Зээл судлах үйл ажиллагааг эрхэлдэг олон ажилтан байдаг. Онооны системд шилжихэд зээлийг судлах гэж олон өдөр хоног болох шаардлагагүй, тэр хэрээр зардал буурна. Энэ мэтчилэн банкны үйл ажиллагааны зардлууд буурч, зээлийн хүүг бууруулах боломжтой.
Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зээлийн мэдээллийг зөвхөн зээлдэгчийн чадавхийг үнэлэх зорилгоор ашиглана гэж заасан. Зээлдэгч зээлээ төлөөд явбал оноо нь өсөөд явна төлөхгүй бол буурна, эргээд төлөхөд дахин өсөх динамик горимд шилжихийг зорьж байна. Үүнийг дагаад чанаргүй зээлийн хувь буурна хэмээн үзэж байна гэв.
Монгол банкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Зээлийн мэдээллийн санд хэрэглэгчийн зээлээс гадна тухайн хэрэглэгчийн гэрээгээр хүлээсэн өр төлбөр, авлага ордог. Харин гар утасны зээл, хэрэглээний зардал зэргээ төлөөгүй бол муу зээлийн түүхэнд орж ангилагддаггүй. Тухайн хэрэглэгч нь хэрэглээний зардлаа төлж барагдуулахад төлөв нь хэвийн болно.
Ер нь хар жагсаалт гэж байдаггүй. Зөвхөн зээл авсан, төлсөн, түүний нөхцөлийн талаарх мэдээлэл зээлийн мэдээллийн санд ордог юм. Иргэд хэт өндөр хүүтэй зээл авч, улмаар санхүүгийн дарамтад орж байна. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулаад ажиллаж байна. Энэхүү хуулийн төсөлд өдрийн зээлийн дээд хязгаарыг тогтоосон заалтыг оруулсан.
УИХ-ын гишүүн Э.Болормаа, Б.Батбаатар нар хуулийн төслийг дэмжиж үг хэлсний дараа Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалаа.
Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.






-
6 цаг 23 мин