СУРВАЛЖИЛГА: Стандарт бус ЯВГАН ХҮНИЙ ЗАМД дрож нааж бидний нүдийг хуурсаар байх уу!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-02-05

Хотын дарга Д.Сумъяабазар хальтирч унаад бэртэж, улмаар мэс засалд орсон тухай хэвлэлүүд бичиж нийтлэсэн ч албаныхан үгүйсгэж “СПОРТЫН ГЭМТЭЛ” гэсэн “онош” тодорхойлоод буй. Асуудлын гол нь ноён Д.Сумъяабазар “бэртлийн улмаас хагалгаанд орсон нь үнэн” байгаад л оршино. 2022 оны жилийн эцсийн судалгаагаар Гэмтлийн эмнэлэгт өдөрт 400-500 хүн байгаа аж. Үүний 30 орчим хувь буюу 100-120 нь  явганаас унаж бэртсэн хүмүүс байна. Тэдгээрээс бага насны хүүхдүүд, өндөр настанууд хальтирч унаснаас гарын шууны ясаа хугалах тохиолдол их байгаа гэв.

Улаанбаатар хотын хувьд нийт 22 бүлэг, 97 стандартыг батлан мөрдөхөөр төлөвлөж буйн эхний 9 бүлгийн 38 стандартыг баталсан нь 2022 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ талаар Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва ярихдаа “Хот төлөвлөлт, хот байгуулалт, худалдаа үйлчилгээний газрын гадна орчин, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, зорчигч тээврийн үйлчилгээ, гэрэлтүүлэг гэрлэн чимэглэл, хог хаягдлын менежмент, иж бүрэн гудамж, ногоон байгууламж гэсэн чиглэлд тавигдах ерөнхий шаардлага, стандартуудыг эхний ээлжинд цэгцэлнэ” гэсэн нь авууштай яриа.  Хотын стандартыг батлан гаргаснаар богино хугацаанд буюу 1-2 жилийн хугацаанд стандартын талаарх мэдлэг сайжирч, хотын хөгжилд иргэдийн оролцоо нэмэгдэж, хүн бүр стандарт шаардлагыг хянах боломжтой болно гэж албаныхан танилцуулгадаа онцлоод байгаа юм.

С.Амарсайхан сайдыг хотын дарга байхад хотын стандарт, хяналт, үнэлгээний газрыг байгуулсан ч өнөөг хүртэл хот СТАНДАРТГҮЙ хэвээрээ л байна. Ямар сайндаа л хотын дарга нь хальтирч унаад бэртэж эмнэлэгт хэвтэж хагалгаанд орох вэ дээ. Мөнгөтэй, эрх мэдэлтэй ХОТЫН ДАРГА маань унаж бэртэж байгаа юм чинь энгийн ядарсан иргэн унавад АМЬ НАСАА АЛДАЖ ч болох эрсдэлтэй байгааг анхаарах цаг нэгэнт болжээ!!!

Шадар сайд С.Амарсайхан өөрөө хот удирдаж байхдаа хэрэгжүүлж чадаагүй зүйлээ одоо хэрэгжүүлнэ гээд Засгаас хүч түрүүлж байна. тэрбээр “Бид 10, 20 жилийн өмнө явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн зам, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан замаа ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр ч ярьсаар л байна. Байгууллага бүр өөр өөрийн үзэмж, хандлагаар ханддаг учраас өөр өөр орчин бий болсныг цэгцлэхийн тулд зарцуулах цаг хугацаа, төсөв ихэссээр байна" гэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн чиг үүргийн дагуу төр иргэнээ эрүүл аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Үүний гол үндэс суурь нь Стандарт. Гэтэл бүх салбарт, бүх шатандаа хямд үнийн стандарт байдаг учраас чанар ярих боломжгүй болсон. Явган зорчигч бэртэх эрсдэлтэй хамгийн энгийн жишээ бол Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Арслантай гүүрний явган хүний зам. Хөдөө аж ахуйн яамны автобусны буудлаас Багшийн дээдийн автобусны буудал хүртэл 200 метр зайд явган хүний замын стандарт нь харилцсан адилгүй. Энэ хэсгийн замд иргэд хальтирч унаад бэртэж гэмтсэн тохиолдол  гарч байсан.

Тэгвэл хотын захиргаанаас “татварын 159 сая төгрөгөөр есөн бүлэг 38 төрлийн стандартыг мөрдүүлнэ” гэж 191 сая төгрөгөөр   зөвлөгөөн зохион байгуулсан.  Харамсалтай нь стандарт нь бүрэн хэрэгжээгүй байхад хотын дарга маань ЯВГАНААС БЭРТСЭН гэх асуудал үүсэв. Үүнээс үүдээд хотын стандартынхан өнгөрсөн жилүүдэд ямар ч ажил хийгээгүй болох нь тодорхой болж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:

-Хотын стандарт ойлгомжтой бөгөөд тухайн бүтээн байгуулалтыг чанартай байхад чухал үүрэгтэй. Тэрнээс иргэд, аж ахуйн нэгжид  дарамт болж болохгүй. Өмнөх стандартуудын тухайд алийг нь хэрэгжүүлэх, хэрхэн хэрэгжүүлэх зэрэг нь тодорхойгүй байсан. Харин шинэ стандартууд ойлгомжтой болсон гэв.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

-Хотын стандарт батлагдсанаар бүтээн байгуулалтын ажлууд чанартай, үр ашигтай болж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Өмнөх стандартуудын хувьд сонгож хэрэглэдэг, хэн хяналт тавих нь тодорхойгүй байсан. Харин хотын стандарт заавал мөрдөх, хэрэгжилтэд Хотын стандарт, хяналтын газар хяналт тавих боломжтой болсон. Стандартууд мөн үнэгүй, ил байгаа.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

-Стандартаа иргэдэд хүргэхэд анхаарах хэрэгтэй байна. Хурал, зөвлөгөөн хийгээд өнгөрдөггүй байх хэрэгтэй. Хотын стандарт гэж юу болох, хэрхэн дагаж мөрдөх талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Стандартыг ойлгохгүйгээр мөрдөх боломжгүй гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.