А.АЛТАНГАДАС: Том том дээл малгай өмссөн МӨНГӨТЭЙ алдарт уяачид чинь МОРИО Ч ТАНЬДАГГҮЙ ш дээ
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-07-11

Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын баярыг тохиолдуулан Улсын алдарт уяач А.Алтангадасын галаар зочиллоо. А.Алтангадас алдартынх энэ жил зургаан насны 20 орчим хурдан хүлэг сойж байгаа аж. Хэзээнээс Монголын намхан морьд дэлхийн дээвэр гэгдэх цаст Гимлайн оргил дээр учир ямар ч цус сэлбэх шаардлагагүй. Монгол адуу бол байгалийн бүтцээрээ хурд, хүч нь таарчихсан хийморлог амьтан хэмээсээр бидний яриа эхэлсэн юм.

Морь хурдан, уяа сойлго тэгш сайхан уу? Зуншлага тавтай биз дээ?

Зуншлага дэлгэр сайхан байна. Морьдоо сойгоод л, уяа жигдэрсэн.

Улсад түрүүлж, айрагдсан халзан азарга тань Д.Онон манлайн адуну сүргийнх гэдэг билүү?

Тийм. 1989 онд Д.Онон ахаас шүдлэн үрээ авч, анх адуутай болж байлаа. Д.Онон ах ч гар сайтай, адуу сайтай хүн. Хүнд өгсөн бүхэн нь хурдалж, айрагддаг, сайхан хүн. Сайн адуутай хүн.

Таны сойж буй хүлгүүд бүгд унаган адуу юу?

Тэгэлгүй яахав. Би чинь хоёр морь улсад айрагдуулж, дөрвөн түрүү хүртсэн хүн. Яг өөрийн унаган адуугаар. Хүний морьд уяж, айраг хүртсэн нь бас бий л дээ.

Адууг эрлийзжүүлнэ гэж сүүлийг үед их ярих боллоо. Та бод эрс шүүмжилдэг хүн дээ...?

Монгол адуу бол байгалийн зохицолдолгоороо бий болдог. Англи, Араб адуу бол хүний оюун ухаанаар бүтээсэн зүйл. Тэгэхээр тохирохгүй л дээ. Одоо чинь юм л бол 50-тай адуу, 25- тай хурдан адуу гэж ярих юм. Миний өсгөж адгуулсан унаган адуунд гадны 25-тай азарга тавьчихаад манай унаган адуу гэж ярьж болохгүй. Би тухайлбал яг өөрийн унаган адуу гэж хэлэх хүртлээ 25-30 жил зарцуулсан. Уяач хүн бол Монгол үндэснийхээ наадамд МОНГОЛ МОРИО л уралдуулахыг эрхэмлэж явах ёстой.

Сүүлийн үед томоохон пүүс компанийн захирлууд, сайд, дарга нар, гишүүд өөрийн нэр дээр мөнгөөр ХУРДАН МОРЬ худалдан аваад, өөрийн нэр дээр уралдуулаад л АЛДАРТ УЯАЧ, МАНЛАЙ, ТОД МАНЛАЙ цол авчих юм. Энэ чинь шударга биш биз дээ?

2000-д оны эхнээс л ийм зүйл гараад ирсэн юм. Тэр хүмүүс мөнгөтэй, нэр хүндтэй байж болно. Гэхдээ уяач биш. Морь нь хэдэн цагт унтдаг, хэдэн цагт усалдаг, яаж хөлс авч, уяаг нь тааруулдаг вэ гэдгийг мэдэхгүй. Уяач хүн чинь үүрээр бугуйл хазаараа тохойндоо зүүж гараад үдэш гэртээ ордог. Тэр өдөржин морины уяанд адуутайгаа хамт амьдардаг. Ийм их хөдөлмөр байдгийг мэдэхгүй байж том том дээл малгай өмссөн нөхдүүдийн өмнөөс ичдэг. Мэдээж морь, бөхөд дургүй эрх хүн гэж хаа байхав. Миний бодлоор морийг нь яг уяж байгаа хүнд тэр цоылг нь өгөөд, мөнгөтэй хүнд нь морины зүтгэлтэн гээд хүндэтгэж болох юм шиг санагддаг. Мориныхоо зүсийг ч ялгахгүй АЛДАРТ УЯАЧ байдаг. Ингээд бодохоор морь мэддэг, мал дагадаг нь уяач, мөнгөтэй, морь сонирхдог нь зүтгэлтэн баймаар  байгаа юм.

Ардын хувьсгалын 102 жилийн ойн наадамдаа сайхан наадаарай. Танд баярлалаа.

Баярлалаа. Та бүхэн минь ч бас сайхан наадаарай.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.217.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.