О.АМГАЛАНБААТАР: Говь-Алтайчууд их түүхээрээ нэгдэж бүрэн бүтэн боллоо. Энэ бол БИДНИЙ ОМОГШИЛ, БАХДАЛ
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-07-30
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатартай Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн түүхэн эх сурвалж,  ач холбогдол, өрнүүлж буй бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.

-Танд түүхт ойн баярын мэнд хүргэе. Алтай нутгаар зуншлага сайхан байна уу?

Алтайчууд бид Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойгоо тэмдэглэх гээд бэлтгэл ажил ихтэй, шахуу ажиллаж байна.

-Уг нэршил нь Засагт хан аймгийнхан гэж явдаг. Гэтэл ХАНТАЙШИР УУЛЫН АЙМГИЙН 100 жилийн ой болчихлоо. Түүхийн хувьд энэ хэр баттай, эх сурвалжтай бол?

Алтайчууд бид Хантайшир уулын аймгийн уугуул иргэд төдийгүй өөрсдийгөө ЗАСАГТ ХАНЫ ХӨХ ЭРЧҮҮД, Засагт ханы үр хойч хэмээн ярьдаг. Их Монгол Улсын үед Баруун Алтайг өрлөг Боорчи ноён захирч байсан. Боорчи ноён одоогийн Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир сумдын заагт орших БООРЧИЙН ХООЛОЙ хэмээх газарт нутаглаж байхдаа “ХАНТАЙШИР” уулын нэрийг өгч энэ уулыг цаашид тайж, шүтэж явах ёстой гэсэн агуулгаар нэрлэсэн байдаг. Сүүлд аймаг гэдэг нэршил Гэрсэнз хунтайжын хүүгийн үед үүссэн. Тухайн үед монголчуудыг долоон хушуу болгон хуваахад Халхын баруун гарыг Засагт хан аймаг гэж Түмэн засагт хан, Ашихай хааны үеэс нэрлэсэн.

Ардын Засгийн үед хамжлагат ёсыг халж Хантайшир уулын аймаг, Богдхан уулын аймаг, Ханхэнтий уулын аймаг, Цэцэрлэгмандал уулын аймаг гэсэн дөрвөн аймагт хувааж 1923 онд Засгийн газрын хурлаар шийдвэрлэсэн.

Гэтэл Засагт ханыхан гэхээр төв нь Завхан аймагт байсан учраас Завханыхан булаагаад авчихсан. Засагт хан бөхийн дэвжээ гэхэд л Завхан аймагт байх жишээтэй. Энэ мэтээр Хантайшир уулын аймгийн ойг хаа байсан Завханыхан 90 жилийн турш тэмдэглэж ирсэн. Ингэхээр яг бахархах түүх нь Завханыханд оногдож, бид зөвхөн ЗАСАГТ ХАНЫХАН гэж ярих л болсон. Аливаа аймаг, орон нутгийн түүх нь эш үндсээрээ баталгаатай байх ёстой. Бид зүгээр нэг ой тэмдэглэх гээд байгаа юм биш. Хүний хөгжил, аймаг, сум, орон нутгийнхны хөгжил ямар байна вэ гэдгийг шууд үзэж болдгоороо онцлогтой. Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойн түүхэн ач холбогдол нь яах аргагүй өнөөгийн Говь-Алтай аймгийн үүх түүхтэй салшгүй холбоотой. Ийм учраас булаагдсан түүхээ эргүүлж авч байна гэж ойлгож болно.

-Мэргэжлийн эрдэмтэн судлаачдын байр суурь ямар байдаг вэ?

“Монголын нууц товчоо” түүхэн шастирт тэмдэглэгдэн үлдсэнээс эш татвал Их Монгол Улсын баруун гар болж явсан Боорчи ноёны үр хойч гэж үздэг. Тийм ч учраас Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгээс “Засагт хан аймгийн гал голомт, үндэс суурь нь яах аргагүй Говь-Алтай аймаг юм, Говь-Алтайчууд цааш нь энэ түүхийг үргэлжлүүлэх ёстой” гэсэн баримтыг хоёр удаагийн эрдэм шинжилгээний хурлаар нотолсон. Эдгээр баримтыг эш татаж Монгол Улсын Засгийн газраас Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойг тэмдэглэх тухай шийдвэр гаргасан.

-Түүхт ойн ач холбогдол юунд оршино гэж та бодож байна?

Говь-Алтайчууд бидний үр хойч түүхээ үнэн зөвөөр мэдэх, цааш улам судлан таних, өвлөн уламжлах боломж улам өргөжиж байна. Орчин цагийн төрийн бодлогын гол үзүүлэлт БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО юм. Хүмүүс ойлгохдоо Говь-Алтайг зүгээр захын, хөгжил муутай аймаг гэж л дүгнэдэг байсан бол үүнээс цааш БАРУУН БҮСИЙН ГОЛ ТУЛГУУР ХӨГЖЛИЙН СУУРЬ гэж харах, энд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт өрнөх, хөгжих боломж бүрдэх юм. Түүхийн энэ зөвтгөл бол ирээдүйн хөгжлийн суурь гэж ойлгох хэрэгтэй. Түүхгүйгээр хөгжсөн улс, аймаг гэж дэлхийд хаана ч байхгүй.

-Та түүхт ойн бэлтгэл ажил ихтэй байна гэлээ. Онцлон дурдвал нутаг орны хөгжилд өнгө нэмж, ашиг тусаа өгсөн ямар бүтээн байгуулалт өрнүүлж байна?

Түүхийн зөвтгөл болсон Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойгоо бид 100 бодит арга хэмжээгээр тэмдэглэе гэж зориод, дор бүрнээ ажил ундраад зүтгэж байна. Хамгийн түрүүнд хүний хөгжил, боловсрол, эрдэм шинжилгээний ажлуудад анхаарсан. “ЖАНГАР ТУУЛЬ” хайлах 1200 хүний бүрэлдэхүүнтэй ёслол амжилттай боллоо. Мөн “Хантайшир-100” олимпиад, улсын физикийн 34-р олимпиадыг амжилттай тус тус зохион байгуулж, Хантайшир уулын аймгийн бодит түүхийн дөрвөн боть номыг судлаач эрдэмтдээр бичүүлэн хэвлэлтэд шилжүүллээ. Энэ оны долоодугаар сард Дилова хутагт болон Наробанчин гэгээнтэнд бат оршил өргөх шашин, соёлын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Түүхт  ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд  зохион байгуулж, үргэлжлүүлээд мөн сарын 5-7-ны өдрүүдэд Монгол туургатан залуучуудын “Жангар” их наадмыг Хөхморьт сумын Дөргөн нуурын эрэгт зохион байгуулна. Ганц бие залуучуудыг уулзуулах, танилцуулах энэ чуулган маань өнгөрсөн жил улс даяар шуугисан. Хожим нь ямар үр дүнтэй, зөв арга хэмжээ вэ гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрсөн. Энэ жил бүх аймгууд төдийгүй хөрш зэргэлдээ улсуудад амьдарч байгаа Монгол туургатан залуучуудын төлөөлөл оролцохоор болж хүрээгээ тэлж байна. Монгол Улсын хувьд хүн амаа өсгөх, цус ойртолтоос сэргийлэх, хөдөөгөө хөгжүүлэх  төрийн бодлогын хамгийн энгийн жишээ нь энэхүү чуулга уулзалт  юм.

-Монгол Улсынхаа аймгууд төдийгүй бүр гадаад улс орнуудаас ганц биечүүдийг урьж оролцуулах юм уу?

БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимагаас ч залуучууд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Орон нутаг, малчдаа ч бид мартах ёсгүй. Монгол ахуйг ганц авч үлдэж буй хэв маяг нь малчдад байна. Тийм учраас малчдаа орлоготой, үйлдвэрлэгч болгох том зорилго тавьж ажиллаж байна. Аймгийнхаа төв талбай, гудамжийг гэрэлтүүлж, инженерийн шугам сүлжээгээ шинэчилж байгаа. 100 жилийн ойн баяр бол алс холын ах дүүс минь нутаг орондоо ирдэг уулзан учрахын баяр учраас ач холбогдол, хүлээлт өндөр байна.

-Алдагдсан түүхээ эргүүлж авч байгаа учраас нутгийн иргэд, Нутгийн зөвлөлийнхөн баяртай байгаа байх. Ойгоо тэмдэглэх санхүү, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хэрхэн өрнөж байна вэ?

Энэ их ой бол ураг удам, ахан дүүсийн уулзах баярт мөч байх болно. Тийм учраас орон нутгийнхаа өнгө үзэмжид онцгой анхаарч, засаж залруулах, гоёж чимэх ажлууд эрчимтэй өрнөж байна. 2015 онд аймгийн Засаг дарга байхдаа  амьдрахад тав тухтай, орчин үеийн тохижилттой шинэ хороолол болох “Солонго” хорооллыг эхлүүлж, ашиглалтад оруулснаар цаашид урсгалаараа хөгжих боломж бүрдсэн. Мөн түүхт 100 жилийн ойг тэмдэглэх шийдвэр хоёр сарын өмнө гарсан ч бид хол ойроос нутгаа зорин ирэх хүмүүс, нутагтаа байгаа иргэддээ ээлтэй, таатай орчинг бүрдүүлэх үүднээс түрүү нийгмээс хойш шинэчлэгдээгүй байсан төв талбайгаа бүрэн шинэчилж, хоёр урсгалтай төв замаа дөрвөн эгнээ болгох бүтээн байгуулалтын ажлыг ойн баяраасаа өмнө амжилттай хийж дуусгалаа.

Говь-Алтайчууд, Засагт ханыхан ямар ч гэсэн олон зуун жилийн дараа зөв түүхэн дор эргэж нэгдэн, бүрэн бүтэн болж чадлаа.

Энэ баярт мэдээг нутгийн түмэн маань маш сайхнаар хүлээн авч, хандив дэмжлэг өрнүүлж байна. Бид Улаанбаатар хотод хандивын хүлээн авалт зохион байгуулсан. Ойролцоогоор хоёр тэрбум орчим төгрөгийн өглөг, хандив цугласан. Морь, бөхийн бай, бүтээн байгуулалтын ажилд өгөх тусламж гээд овоо зүйл бөөгнөрлөө. Нутгийн зөвлөлийн дарга маань хоёр азарга адуугаа дуудлага худалдаагаар зарж олсон мөнгөө “ИШ ШИДИЙН ОРОН” хүүхдийн бүтээн байгуулалтад өгөхөөр болсон. Түүхэн тэгш ой учраас бай шагнал өндөртэй байх нь ойлгомжтой. Тухайлбал, дээд гурван насны морьдын уралдаанд эхний 60 морийг цулбуур атгаж байлна. Нутаг нутгийн уяачид ойн хишиг хүртэг гэж бай шагналаа арвин тусгасан. Мөн нутгийн бизнесменүүд нэгдэж нийлээд гандан хийдээ засварлах, хашаа хороог нь шинэчлэх ажлууд ид өрнөж байна.

-Сайхан хөөрөлдсөнд баярлалаа. Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойгоороо сайхан наадаарай!

Баярлалаа. Хол ойроос ирэх нутгийн түмнээ ая тухтай байлгахын тулд бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцоод, гацсан удсан ажлуудад шийдэл, гарц гаргалгаа хайгаад явж байна. Алтай нутгийнхан минь ямартай ч бүтэн түүхтэй, бүрэн намтартай байх их баярт чухал ач холбогдол өгөх нь орон нутаг удирдаж буй хүний хувьд үүрэг шүү дээ. Та бүхэн маань Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам, Засагт ханы гал голомт нутагтаа хүрэлцэн ирж сайхан наадахыг хүсэн ерөөе. Юу санасан есөн цагаан хүсэл бүхэн биелэх болтугай!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.213.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.