-Та Алтай нутгийн хүн. Аав, ээжээ дурсан санавал?
Эрдэнэ мэт хүмүүний биеийг олох нь их чухал юм гэж эрдэмтэн багш нар маань айлддаг байсан. Тэр дундаа би хуучин Монголын дөрвөн аймгийн дайчин эрсийн нутаг Засагт хан аймгийн Жалчин бэйсийн хошууны Дархан гүний отог, цаашлаад ардын төр засаг гарсан үед Хантайшир уулын аймгийн нутаг, эдүгээгийн Говь-Алтай аймгийн Дарви сумын Гурван Яргайтын Дунд Яргайтын ам гэдэг газар ээж, ааваасаа 1951 оны зуны дунд сарын 15-ны дүйцэн өдөр мэндэлсэн азтай хүн. Миний аав Загдсүрэнгийн Лхасран гэж хүн бий. Аавын минь удам угсаа бичиг соёлын хүмүүс байдаг. Ээжийн минь удам угсаа тайж гаралтай. Одоо ингээд бодохоор хайртай ээж аав, нутаг усаа санаад хамар минь шархирч байна.
-Таныг “Засагт ханы хөх харчуул байна” гэж хэлэх их дуртай гэж сонссон?
Найз нөхдийн хүрээнд бид нар “Би Засагт ханы хөх харчуул байна” гэж хэлэх дуртай. Тэгээд тоглоом шоглоомоор “Засагт ханыхны хөх нь болмоожийн, бор нь болмоожийн, шар нь ч яахав” гэж ярьж л байдаг юм. Би эх нутгаараа, Засагт ханаараа, түрүүчийн өтгөсөөрөө, их эрдэмтэн мэргэдийг төрүүлсэн эх орны хүү гэдгээрээ их омогшиж, бахархдаг хүн дээ.
-Та бага, залуу наснаасаа эхлээд өдийг хүртэл нутаг орондоо олон зүйл хийж бүтээв үү?
Дарви сумын бага сургуульд сурч байхдаа хөдөлмөр өдөр гэж хийдэг байлаа. Ээжтэйгээ өдөрт 500-1000 ширхэг тоосго цохиж тус болдог байлаа. Аав маань зун сүүн заводад гал түлдэг байлаа. Тэр зуныхаа амралтаар аргалын гэрээ хийж ах, бид хоёр 371 шуудай аргал түүлээ. Тэр үеийн тариф тун сайн байсан. Нэг шуудай аргал нэг төгрөгийн үнэтэй байв. 371 төгрөг авч байлаа. Тэр үед аав, ээж хоёр маань нэгдлийн 200 монгол үхэр хариулж сарын хөлс гэж 15 төгрөг авдаг байсан. 371 төгрөгөө аавдаа өгөхөд миний ахыг Бигэр суманд, хөгшин эх дээрээ хол суудаг гээд таван төгрөг, надад гурван төгрөг өгч би маш их баярлаж билээ. Ардын засгийн ачаар дээд сургууль төгсөж, эхлээд би Цэргийн ерөнхий дээд сургуульд багшилсан. Тэр үед нутгаас ирсэн залуучуудад сайн туслах юмсан гэсэн сэтгэлээр ханддаг байсан. Тэднээс Чойжамц генерал гээд миний шавь байж байна. Дараа нь Шинжлэх ухааны академид очсон. Тэнд манай Говь-Алтайн харьяат хүүхдүүд байсан. Тэдэндээ тусалдаг байлаа. Их сургуульд багшаар ажиллаж байхад нутгийн маань хөөрхөн бор хөвгүүд, охид ирж тэдэндээ хичээлийн хажуугаар аминчилж ном судар чадлынхаа хэрээр зааж сургадаг байсан. Одоо тэнд сайн сайн багш, эрдэмтэд байж л байна. Тэрнээс гадна миний бие Монгол зурхайн ухааныг судалж олон жил цаг тооны цаглабар гаргасан хүн. Хан Алтай нутгийнхандаа, монголчууддаа хэрэгтэй юм гаргах юмсан гэж их хичээдэг. Номноосоо чадах чинээгээрээ нутаг нугынхандаа, буурай нартаа явуулдаг. Энэ бүхнийг би нутагтаа оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж боддог. Түүнээс гадна нутгийн хийд орон сэргээхэд, нутгийн хийд орноос ирсэн хүүхдүүдэд түвдийн “га ха, га на” үсэг заагаад одоо чадалтай тэнхээтэй, дээд сургууль төгссөн ламба гуай нар нэлээд болсон байна. Энэ бүхнийг нутагтаа зориулж байгаа гэж бодон, үүгээрээ бахархаж явдаг хөгшөөн.
-Цаашид нутагтаа юу хийхийг зорьж байна вэ?
Хүн өссөн төрсөн нутагтаа юу мэддэг түүгээрээ тус хүргэе гэж боддог. Шинэ хуучны зангилаан дээр, энэ орчин цаг үед хүмүүс бодот бохир ахуйд хэт автаад оюун ухааныхаа талдаа анхаарах нь сул болсон байна. Тэгэхээр би нэг талаас нь харахад миний өөрийн нэр харагдах боловч нөгөө талдаа өссөн төрсөн нутагтаа ухаан орсон цагаасаа эхлээд монголчууд яаж амь зууж байсан юм, яаж хүн болсон юм, нутгийн минь улсууд ямар хүмүүс байсан юм, яагаад эв нэгдэлтэй байсан юм, яагаад буруу зүйл хийдэггүй байсан юм гэдгийг харуулсан дурсамж ном гаргавал зүгээр юм гэж бодох болсон. Нөгөө талаар манай нутаг чинь маш олон мэргэдийн өлгий нутаг. Их алдартай зурхайчид, алдартай гүн ухааны мэргэд амьдарч байлаа. Миний аав ээжийн, хань ижлийн маань нутаг хуучин Засагт хан аймгийн Дархан чин ван Дайчин вангийн хошуу юм шүү дээ. Тэр хошуунд Тонхилын хүрээ гэж том хийд байсан. Тэр хүрээнд их алдартай эмч, зурхайч нар байлаа. Жишээ нь, Шижээ гавж байна. XIII Далай ламын багш Дандар аграмба гэж номтой хүний багш юм. “Хуйхуу” Чанарав гэж алдартай зурхайч байлаа. Тэр хүмүүсийн хийсэн ажил, ном бүтээл, хамаг юм нь байж л байна. Манай нутгийн хийд орныг гайгүй сайн мэдлэгтэй залуу хүн удирдаж байгаа гэсэн. Энэ улсууддаа зааж өвлүүлэх юмсан гэсэн бодолтой байна даа.
-Засагт ханы хөх харчуудын гол зан чанар юу юм бол?
Хүний зан чанар ер нь төрсөн нутгаасаа болдог юм гэсэн. Хоёр улсын шашны шугамаар би Хятадад айлчилсан юм. Д.Чойжамц хамба, Д.Цахилгаан багш нартай хамт явсан. Тэгэхэд хятадууд манай Дэн Сяо Пин дарга энд төрсөн юм гээд гурван голын сав газар, сайхан нутгийг заагаад баахан омогшсон. Тэгэхэд би тэдэнд манай Алтай нутаг, Алтай уулаас том том эрдэмтэн дарга нар төрдөг юм шүү гэж хэлж, бахархаж байлаа. Манай нутгийнхан чинь маш их ажилсаг, шулуун шударга, хийсэн ажлынхаа цаана гардаг, ялангуяа цаг нараа сайн барьдаг хүмүүс.
Бараг шулуухан хэлэхэд өнгөтэй, өөдтэйхөн болгон манай Алтай нутгийнхан байна шүү.
-Нутагтаа байнга очиж байна уу. Очихгүй удахаар санана биз?
Би нутаг амьтай, гүйдлийн цагаан зээр шүү дээ. Хавар болохоор нутгаа их санана. Самгандаа би хэлдэг юм. “Ээ, би нэг морь байсан болоосой. Гүйгээд нутагтаа хүрчихсэн байгаа даа. Нэг бол нохойн аманд орсон байна даа” гэж. Өнгөрсөн жил би нутагтаа очсон. Манай самган бид хоёр нэг хошуу нутгийн улс. Манай нутагт их сайхан шүтээнтэй олон газрууд бий. Буурал Сутай хайрхандаа мөргөчихөөд, унасан төрсөн газрынхаа Асгатын рашаанаас амсчихаад, самганыгаа Их Алтайн уулсын 2200-гаад метрийн өндөрт байх Хулан нуурын рашаанаас хүртээчихээд ирэхэд сэтгэл нэг сайхан болоод, нойрондоо ордог. Хүний өсөж төрсөн нутаг гэдэг нүд аньтал оршиж байдаг юм байна. Аав, ээж минь байхгүй болсон байна. Ах дүү минь үгүй болсон байна. Өндөр сайхан настай улс маань орхин одсон байх юм. Хэчнээн гунигтай ч тэд нарын минь нутаглаж байсан газар орон, буурь л одоо ээж, аавыг минь орлоод хүлээж байх нь үнэхээрийн дотно, сайхан юм даа.
-Хантайшир аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж нутгийн түмэндээ ерөөл айлтгана уу?
Энэ жил их сайхан жил тохиож байна. Ардын засаг гараад дөрвөн хан аймгийг дөрвөн уулаар нэрлэсэн. Хуучин Засагт хан аймаг, гал голомт болсон Говь-Алтай, Хантайшир уулын аймгийн маань 100 жилийн ой болж байна. Энэ сайхан ойгоо тохиолдуулаад цаст Алтай шигээ цайлган цагаан сэтгэлтэй, тал говь шигээ уужим сайхан ухаантай, ажилч, хөдөлмөрч нутгийнхаа зон олондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин