Х.ЛХАГВАСҮРЭН: Улсын хилтэй байна гэдэг ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭ ТЭМДЭГ
Г.Золбаяр
Ярилцлага
/
2023-07-30
“ЗАСАГТ ХАНЫ ГАЛ ГОЛОМТ” зорилтот төслийн хүндэт зочин Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Хожгорын Лхагвасүрэнтэй ийн хөөрөлдсөн юм.

-Хантайшир аймаг байгуулагдсаны 100 жилийн ой болж байна. Төрсөн нутгаараа бахархвал?

Би Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрж өсөн, бага насаа өнгөрүүлж, наймдугаар ангиа дүүргэсэн. 10 дугаар ангиа Алтай суманд төгсөж байлаа.

Миний төрж өссөн Эрдэнэ сум бол газар нутгаар том, байгалийн баялаг ихтэй, Монгол Алтайн нурууны Гичгэний нурууны төгсгөлөөс эхлээд цаашаагаа өргөн том говьтой, түүний цаана Идрэнгийн урт нуруу үргэлжилж, дахиад өргөн говь цутгаад Арц Богдын өндөр сайхан нуруунууд орж ирэн, ахиад цааш говийн хоолой гатлангуут Наран Сэвстэйн нуруутай залгадаг.

Говь, уул хосолсон үзэсгэлэн төгөлдөр сайхан нутаг билээ. Эртнээс нааш үе удмаараа амьдран ирсэн, төрж өссөн энэ нутгаараа би бахархаж явдаг. Манай сумын алдартай уул бол Цагаан уул юм. Би энэ Цагаан уулынхаа өвөрт мэндэлж, хүй цөглөсөн. Энэ уулын нэрээр нэрлэсэн Цагаан-Уул сумыг аав минь үүсгэн байгуулалцаж, анхных нь албан тушаалтнаар томилогдон ажиллаж байлаа. Миний аав Эрдэнийн Хожгор гэж хүн байсан. Миний ээж Чүлтэмийн Дуламхүү нь мөн энэ сумыг байгуулалцаж явсан. Манай аймгийн 20 жилийн ойгоор “Хөглөг Алтайн жавхаа” хэмээх баримтат кино гарч, тэр кинонд аав, ээж хоёрын маань барилга барьж буй залуу насны дүрс, зураг мөнхрөн үлдсэн байдаг.

-Та хилчин хүн. Төрсөн нутгийнхаа хил дээр алба хааж байв уу?

Хувь зохиолын эрхээр би хилчин болж төрсөн. Хил дээр алба хааж, өдий зэрэгтэй яваа маань ч хилийн ач буян. Надад Говь-Алтай аймгийнхаа Алтайн хязгаарыг дөрвөн жил хамгаалах боломж олдсоныг нэр төртэйгөөр гүйцэтгэж байлаа. Манай Говь-Алтайн хил бол давтагдашгүй өвөрмөц, онцгой сайхан байгальтай. Монгол Тахийн шар нуруунаас эхлээд Хонин усны говь, Цэнхэр Номингийн говь, Атас, Ингэсийн өвөр бэл, Халхын өмнөд овоо хүртэл үргэлжилдэг энэ сайхан газар нутгийг эртнээс эхлээд өнөөг хүртэл хамгаалан ирсэн Алтайчуудаараа би бахархаж, хайрладаг. Хилийн түүхийг уншаад судлаад үзэх юм бол Алтай нутгийн ард түмэн энэ их нутгийнхаа төлөө, эх газрынхаа төлөө олон зууны турш тэмцэж ирсэн бахархам, гайхам түүхүүдтэй таарна. Зарим нэг хүмүүс гайхаж, энэ их эзгүй цөлөөр юугаа хийдэг юм, юуг нь хамгаалдаг байна аа гэж ярьж явахтай таарч л байлаа. Амь нас, цусаараа хамгаалж ирсэн энэ нутаг бол бол Монголын ирээдүйн том өв. Алс хэтдээ барж идэхгүй баялаг. Манай өвөг дээдэс өдий хүртэл хамгаалж, хойч үедээ үлдээсэнд нь бахархаад баршгүй. Улсын хилтэй байна гэдэг эргээд тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болдог. Би 18 настайгаасаа эхэлж хилийн манаанд явж, хил дээр зогсож өнөөдрийг хүртэл хилээ хамгаалж, ярьсаар явна. Хойч үедээ эх орноо хэчнээн ихээр хайрлана, дархан хилээ төдий чинээ сайн хамгаалдаг юм аа гэж хэлэх байна.

-Хүн бүр төрсөн нутгаа хайрладаг. Тэр ч утгаараа бас санаа зовниж явдаг асуудлууд байдаг шүү дээ?

Хүн болгон төрсөн нутгаа хөгжүүлье, сайхан болгоё гэж янз янзын саналууд гаргадаг. Өнөөдрийн өндөрлөгөөс хөгжил талаас нь харвал манай сум хөгжөөгүй мэт байж болох. Гадаадын зарим жуулчидтай санал бодлоо солилцож явахад унаган байгальтай, хүмүүс нь амар тайван, уур бухимдалгүй, уужуу сэтгэлтэй, энэ хэвээрээ байвал ямар сайхан бэ гэж ярьдаг. Хөгжил гэдэг өөрөө олон талын ойлголт юм байна. Хамгийн эхэнд хүний хөгжлийн асуудлыг ярих жишээний. Манай Алтай нутгийнхны уул шигээ налгар зан, ноён нуруу, уужуу тайван ухаан уламжилж үлдээсэй гэж би боддог. Байшин барилга, үйлдвэр завод олныг барихаас илүүтэй өвөг дээдсийн минь төрөлх сайхан зан чанар гээгдээд алга болчих вий гэхээс болгоомжилдог. Хөдөөгүүр явахад энэ чанар одоодоо бол байна.  

-Алтай нутгаас олон генералууд төрж гарсан байдаг. Энэ юутай холбоотой юм бол?

Тийм ээ, манай Алтай нутаг олон генералуудтай аймаг. Янз янзын л яриа байдаг. Өвөг дээдэс маань цэргийн хүмүүс, жанжны удамтай учраас олон генералууд төрдөг байх магадлал өндөртэй. Хүн судлалын эрдэмтэд “Ямар газар хүн амьдарна яг түүн шигээ зан араншинтай байдаг” гэж ярьдаг. Бид нар өндөр Алтай ууланд амьдардаг учир шулуун шударга, эр зоригтой, тэнд халин дүүлдэг бүргэд шиг, ирвэс шиг зан чанар төлөвшсөн байдаг учир бас нөлөөлсөн байж болох талтай. Үгүйсгэх аргагүй. Нөгөө талаар энэ цолыг зүгээр нэг сууж байгаад авчихдаг, хүрчихдэг өндөрлөг биш. Энэ бол хүн удирдах арга барилтай шууд холбоотой. Говь-Алтай аймгаас төрсөн олон эрдэмтэн, олон удирдагч нарыг хараад төрсөн бодол шүү.

-Та нутагтаа хэр их очдог вэ?

Би нутагтаа жил болгон очдог. Хүн нутагтайгаа хүйн холбоотой гэдэгт итгэлтэй байдаг. Японы хоол судлаач эрдэмтэн хэлсэн нь бий. “Хүн ямар хоол унд, хаана идэж бойжно насан туршдаа яг түүнийгээ идэхээр бие организм нь зохицсон байдаг” гэжээ. Миний Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд уусан ус бие организмд маань явж байгаа. Байнга түүнийгээ санагалзаж байдаг байх нь. Би санадаггүй юм аа гэхэд бие организм маань санаж байгаа. Би тэтгэвэртээ гараад нутагтаа очно. Насныхаа эцэс хүртэл тэнд амьдарна гэж боддог.

-Хантайшир уулын аймгийн 100 жилийн ой тохиож байна?

100 жил гэдэг бол их ой. Ой тэмдэглэх явдалд хүмүүс олон өнцгөөр ханддаг. Гэхдээ ойгоор олон хүмүүс уулзаж, уулзах тоолондоо баяр бахдлыг авч байдаг. Би ой тэмдэглэх дуртай. Залуу насаа эргэж дурсдаг. Найз нөхөдтэйгөө хуучилж хөөрдөг. Хөглөж явснаа ярьдаг. Алс хэтдээ хийх юмаа ч ярьж, зөвлөлддөг. Бас олон хүнтэй танилцдаг. Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Алтай нутгийнхаа ард иргэддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ярилцсан Улстөрч.мн сайтын эрхлэгч Г.Золбаяр

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.75.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.