-Таны бага наснаас ярилцлагаа эхлэе?
Би бол Говь-Алтай аймгийн Чандмань сумын хүн. Манай сум хуучнаар Хантайшир уулын аймгийн Эрдэнэ -Уулын сум, Чандмань уулын сум гэсэн хоёр сумаас бүтсэн байдаг. Би бас азтай хүн. Манай сум дөрвөн жилийн сургуультай байсан. Дөрөвдүгээр ангиа төгстөл сургууль маань долоон жилийн сургууль болов. Долоодугаар ангиа төгсөөд өөр сум руу явах гэж байтал сургууль маань найман жилийн сургууль болсноор анхны төгсөгч болж аймгийн төвийн арван жилийн сургуульд хуваарилагдсан. Есдүгээр ангидаа суулгүй хөдөө өнжиж 10 дугаар ангидаа орж хөөрхөн намтар бүтээж байлаа. Тухайн үедээ 10 дугаар ангид орохдоо есдүгээр ангийнхаа шалгалтыг онц дүнтэй өгч үеийнхэндээ үнэлэгдэж байв. 10 дугаар ангиа төгсөөд МУИС-ийн Физикийн ангид элсэн суралцаж дүүргээд дараа нь МУИС-ийн Хуулийн ангийг төгсөж Их сургуульдаа багшилсан. 1990 онд Бөхийн холбоог үүсгэн байгуулж 30 жил удирдаад одоо Нийгмийн Гэгээрлийн Холбоо гэдэг байгууллагад соён гэгээрүүлэх ажил хийж байна.
Би бол тэр үеийн хөдөөний хүүхэд шиг эгэл жирийн амьдралаар өссөн. Манайх 10 хүүхэдтэй айл байлаа. Хантайшир уулын хошууны Эрдэнэ-Уулын сумын Дашзэвэг тэргүүн гэдэг хүн миний өвөө юм. Би бол өвөөгөө мэдэхгүй. Манай нутгийнхан Баавай тэргүүн гэнэ. Баавай тэргүүн бол хоёр гэрлэсэн хүн. Салж сарнисан хүн биш, эхний эхнэр нь бурхан болоод манай аавын ээжийг 18 настай байхад нь эхнэрээ болгон авч суусан түүхтэй юм билээ. Тэгэхээр бид нар Баавай тэргүүн гэдэг хүний удам угсаа юм.
Тэр нь юугаар нотлогддог гэхээр тэр хүн дээр очиж өршөөл, уучлал гуйж байсан баримт байгаа юм. Тэр үед ноосны төлөвлөгөө гэж маш том төлөвлөгөө Монголд хэрэгжиж байсан. Ноосны төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд үстэй дээлийнхээ үсийг хайчилж тушааж байсан гэдэг. Миний ээжийн талын нэг хүн Баавай тэргүүн дээр очоод “Гурван хүүхэн төрүүлсэн байтугай гурван гүү төрүүлсэн айл ч алга” гэж хэлсэн байгаа юм. Тэр хүний гурван зээ нь амаржсан юм байна л даа. Ийм олон ам бүл тэжээж байгаа учир ноосны төлөвлөгөөнөөс чөлөөлж өгнө үү гэж гуйсан хэрэг юм билээ.
Миний аав Рэгжийбуу нь цэрэгт яваад, боловсрол эзэмшиж, хоёр дайнд оролцон Дорнод аймгийн Ерөнхий хэлтсийн дарга хийж байхад нь ар гэрийн гачигдлаар ээж нь дуудсаар байгаад аваад ирсэн байдаг. Аав маань 34 насандаа өөрөөсөө 17 дүү ээжийг маань эхнэрээ болгож авсан. Аав маань боловсролтой, ээж маань төрөлхийн цэцэн оюун ухаантай хүн байсан тул бид арвуул, бүгд боловсрол эзэмшсэн хүмүүс болж хүмүүжсэн.
-Таны бодлоор Засагт ханы хөх харчууд гэж ямар хүмүүсийг хэлдэг юм бэ?
Засагт ханы хөх харчууд хэцүү гэж Ч.Лодойдамба гуайн “Тунгалаг тамир” романд гардаг. Өмнө нь Засагт ханы хөх харчууд гэж үг байсан учраас хэрэглэсэн байх. Энэ хэллэг байгальтай холбоотой. Манай Алтай нутагт уулынх нь бэлээр нар тунаж байхад уулын оройд нь цас бударч байдаг. Зүүн талд, Сүхбаатарт гэхэд тэгш талаас нар мандаж, тэгш талдаа жаргаж байдаг газар. Хүний төлөвшилд нийгмийн орчноос гадна байгалийн орчин их нөлөөтэй байдаг. Өндөр ууланд мацаж, эрс тэс уур амьсгалын дунд өссөн хүн, мэлийсэн тал дунд өссөн хүн хоёрын хооронд зан харьцаа, төлөвшлийн зөрөө гардаг нь шинжлэх ухааны ойлголт. Тэгэхээр Засагт ханы хөх харчууд гэдэг бол арай өөр шинж чанартай улсууд гэдгийг хэлж байгаа юм. Олон үеэр байгальтай тэмцсэний үрээр удамшилд нь тэмцэгч чанар, бэрхшээлийг даван туулах чадвар, аливаад цаана нь гарах гэсэн тэмүүлэл, тэгж чаддаг бие хаа, зан чанар төлөвшсөн байдаг. Засагт ханы хөх харчууд хэцүү гэж юуг хэлж байгаа юм бэ гэхээр Засагт ханы хөх харчуудтай юм яривал тэд нарыг давж ярь. Энэ нь Засагт ханыхан бусдаас илүү ярих чадвартай гэсэн үг. Засагт ханы хөх харчуудтай адуу хөөвөл Засагт ханы харчууд илүү хөөнө. Энэ нь олон хоногоор тэд өлсөхгүй хөөж чадна гэсэн утгатай. Бид нарын үед энэ зан чанар тодорч байгаа юм биш. Урьд ямар байсныг Ч.Лодойдамба гуай “Тунгалаг Тамир” романаараа хэлж өгсөн. Хуучин нийгэмд Ц.Лоохууз, С.Аварзэд нар тухайн нийгмийнхээ болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг ил тод хэлж, зүрхэлж байсан хүмүүс. Тэд Засагт ханыхан л байсан. Засагт ханы хөх харчууд гэдгээрээ Говь-Алтайчууд бахархах ёстой. Дараа үеийнхэн Засагт ханы хөх харчууд гэдгээ алдаж болохгүй.
-Та нутаг орондоо бүтээн байгуулалт, соён гэгээрүүлэх олон ажлыг хийсэн байдаг?
Би Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутгийн зөвлөлийн дарга хүн. Яагаад хүн нутаг сэтгэлтэй байж, төрсөн нутагтаа юм хийх ёстой вэ гэдгийг би нэлээн ухуулдаг, багш хүн. Надад энэ талаар хэлдэг үг байна. Жишээлбэл, хүн учир ерөөл бүрдсэн газар энэ биеийг олдог. Надад амь хайрласан, учир ерөөлийг бүрдүүлсэн газар бол Говь-Алтай аймгийн Чандмань сум юм. Хэрэв миний ээж, аав Чандманийнх биш ч юм уу, эсвэл Чандманийн хөрснөөс өөр газар явж байсан бол би байхгүй байсан байж магад. Энэ бол шашны ойлголт биш шүү дээ. Учир ерөөл бүрдсэн газрыг олж төрнө гэдэг шинжлэх ухааны бас нэгэн ойлголт. Байгаль орчин, бүх юмны зохилдолгоо бий болж байж хүн олддог юм байна. Тэгэхээр хүн төрсөн нутагтаа өртэй байх нь. Чандмань сумын уул, ус, агаар гээд нөхцөл бүрдсэн учраас би тэнд хүн болж төрсөн байх нь. Тийм учраас би Чандмань сумынхандаа “Чамд амь олгосон учраас Чандмань сумандаа өртэй, сумынхаа төлөө чи юм хийх ёстой” гэж хэлдэг. Юу хийх ёстой юм бэ гэхээр 2024 онд манай сумын 100 жилийн ой болно. Бид 2017 оноос хойш
Чандмань суманд иргэд байгаа учраас энэ сум оршин байна. Сумын 2000 иргэн явчих юм бол Чандмань сум гэж байхгүй болно. Тийм учраас сайн, муу явж байгаа ямар ч хүн эргээд нэг нутагтаа тус болох нь зүгээр нэг сэтгэл хөдлөл биш, үүрэг юм гэж хэлмээр байна.
Хоёрдугаарт, Монголын Үндэсний Бөхийн холбоог миний дүү, улсын заан Р.Давааням агсан санаачилж, бид хамтдаа байгуулаад миний бие 30 жил удирдахдаа 60 шинэ зүйлийг монгол бөхөд хийсэн байдаг. Нүдэнд харагддаг нэг ажил нь Бөхийн өргөө юм. Эцэг нь, авга ах нь ийм үлгэр дуурайлал үзүүлсэн учраас миний үр хүүхдүүд Улаанбаатар хотод төрсөн ч нутаг амьтай болж Говь-Алтай аймагт хоёр тэрбум төгрөгөөр спорт заал барьж энэ сарын 31-нд нээлтээ хийх гэж байна. Тэдний маань зорилго бол амьдрал тааруу хүүхдүүдийг байрлуулж, спортоор хичээллүүлэн Говь-Алтай аймгаас дэлхийн аварга төрүүлэх юм. Сая гэхэд хүүхдүүдэд сүүг нь уулгах зорилгоор 30 үнээ ачуулж байна. Миний хүү улсын гарьд Н.Ганбаатар, IT инженер Н.Мөнхбаатар, миний ач нар болох Харумафүжи (Ама) Д.Бямбадорж, улсын начин Д.Лхагвадорж, Д.Баасандорж гээд хүмүүс гар бие оролцож байна. Нутагтаа ингэж тус болох ёстой. Энэ бол үүрэг. Бид нар бас Чандмань сумын 100 жилийн ойгоор “Чандманийн 100 эрхэм хүн” хэмээх мөнхийн дурсамж босгоно. Үүнд улсад гавьяа байгуулснаараа орохгүй. “Чандмань-100” хөтөлбөрт 4.2 сая төгрөг хандивласан хүмүүсийн нэрийг мөнхөлнө. Түүнээс бус энэ гавьяат хүн байгаа юм, энэ эрдэмтэн хүн байгаа юм гэсэн утгаар бус нутаг амьтай сэтгэлийг нь мөнхлөн үлдээж байгаа хэрэг.
-Та нутагтаа жил бүр очдог уу? Хамгийн сүүлд хэзээ очив?
Би жилд заримдаа сумандаа хоёр удаа очдог. Би нутаг гэдэгт Говь-Алтайгаа ойлгоно. Гэхдээ нутагтаа хэрхэн тус болох вэ, нутгаа сэтгэл зүрхэндээ хэрхэн тээж явдаг вэ гэхээр хүн сумаа л ярина шүү дээ. Монгол Улс маань 333 сумаас л бүтэж байгаа юм. Ноднин сумандаа “Генерал” наадам гэж хийлээ. Миний отгон дүү, Хил хамгаалах газрын дарга Р.Отгонжаргал маань генерал цол хүртсэн. Манай сум генералгүй сум байсан юм. Сумынхан маань баг бүрээс 20 хонь гаргаж 100 хонь бэлэглэх гэж байгааг дуулаад бид бай шагнал хэрэггүй, өөрсдийнхөө зардлаар зохион байгуулна гээд болиулсан. “Генерал” наадмын үеэр сумын иргэддээ Сүхбаатарын талбайд болдог цэцэг өргөх ёслолыг үзүүллээ. Бидний байгуулж өгсөн “Заан” талбай хэмээн нэрлэдэг талбайд байх улсын заан Р.Давааням агсны хүрэл хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөсөн юм. Генерал хүн байна, мөн Говь-Алтай, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид энэ ёслолын ажиллагаанд оролцож ёс журмын дагуу рапорт өгөөд, хөл тавьж цэцэг өргөлөө. Орой нь Улаанбаатарын хэмжээнд явагддаг шоу зохион байгуулсан. Энэ бол нутагтаа юу хийж байна вэ гэдэг сэтгэлтэй холбогдоно. Энэ жишгээр 333 сум маань ажиллаасай гэж хүсэх байна.
-Хантайшир аймгийн 100 жилийн ой болж байна. Та өөрийн мэдэх үүх түүхээс хуваалцаач?
Сэтгэл санааг баяр баясгалантай болгодог үйл ажиллагааг баяр гэдэг. 100 жилийн ой гэдэг Алтай нутагт төрсөн хүн бүрийн баяр. Энэ ойн баярт Монгол төдийгүй дэлхийн олон улс оронд ажиллаж, амьдарч буй Алтай нутгийн минь зон олон хүрэлцэн ирэх цаг зав, боломжгүй байлаа ч гэлээ төрөлх нутгийнхаа зүг сүүн цацал, дээжээ өргөн сайн сайхныг хүсэн ерөөж баярлах учиртай. Энэ дашрамд нэгэн түүхийг хүмүүст хүргэмээр байна.
Дараа нь 1924 онд МАХН-ын VIII дугаар их хурлын шийдвэрээр 150 өрхийг нэг сум, 50 өрхийг нэг баг болгосноор манай аймагт сумууд байгуулагдсан түүхтэй. 1931 онд Ардын Засгийн газрын шийдвэрээр Хантайшир уулын аймгийг хоёр хувааж Өрнөговь, Завхан аймаг гэж салгасан. Хоёр аймгийг ийн нэрийдсэн орон нутгийн шийдвэрийг Ардын Засгийн газар хэлэлцээд Завхан аймаг хэмээснийг хэвээр үлдээж, Өрнөговь гэж нэрлэснийг Алтай болгон өөрчилсөн байдаг. 1934 онд дахин шийдвэр гарч Алтай аймгийг Завхан аймагтай нийлүүлж, 1940 онд дахин салгаж Говь-Алтай аймаг болгосон түүхтэй. Говь-Алтай аймаг маань анх байгуулагдсан дөрвөн аймгийн нэг яах аргагүй мөн. Тийм учраас Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ түүхт баярыг Говь-Алтай аймгийн 100 жилийн ой гэж ойлгох учиртай. Алтай сайхан нутгийнхаа 100 жилийн ойг тохиолдуулж Говь-Алтайгаас угшилтай Монгол Улс, дэлхий даяар тархан амьдарч буй хүн бүрт, тэдний үр хүүхэд, ач зээ нарт нь ямагт амар амгалантай, сайн сайхан амьдрахын билигтэй ерөөлийг дэвшүүлье.
Ярилцсан Улстөрч.мн сайтын эрхлэгч Г.Золбаяр
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин