Р.БАВУУДОРЖ: Түүхт 100 жилийнхээ ойн босгон дээр 34 дэх олимпиадыг зохион байгууллаа
Г.Золбаяр
Ярилцлага
/
2023-07-30
“ЗАСАГТ ХАНЫ ГАЛ ГОЛОМТ” зорилтот төслийн хүндэт зочин Төрөлх Говь-Алтай аймагтаа насаараа аж төрж түмний олон үрсэд эрдмийн гэгээ хайрласан ардын багш Раднаагийн Бавуудоржтой уулзаж ярилцлаа.

-Төрж өссөн нутаг, төрүүлж өсгөсөн ээж, ааваас тань яриагаа эхэлье?

Би Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат хүн. Миний ээж, аав хоёулаа Дэлгэр сумын уугуул. Аавыг маань Раднаа, ээжийг маань Чогсом гэдэг сайхан хөгшчүүл байлаа. Аав, ээж хоёр маань төрөлх Дэлгэр нутагтаа айл гэр болж олон хүүхэд төрүүлж өсгөсөн ачтай хүмүүс. Тэд маань намайг ахтай хамт сургуульд ороход сумын төв, аймгийн төв рүү дагаж нүүсэн байдаг юм. Аав бага залуу насандаа Дэлгэр суманд мал маллаж байгаад цэргийн албанд татагдаж, албаа хааж ирээд орон нутагтаа баг, бригадын дарга, худалдаа бэлтгэлийн дарга хийж явсан. Ээж маань Говь-Алтай аймгийн гол хошуу болох Засагт хан хошууны тайж гаралтай хүн. Аавын маань тал Бигэр Номун ханы хүрээнд шавилан суудаг эрдэмтэй лам нарын удам гэдгээр би бахархаж явдаг.

-Монгол түмэн Алтайчуудыг Засагт ханы хөх харчууд гэж ярьдаг?

Тийм ээ, биднийг дагаж Засагт ханы хөх харчууд гэж сайхан алдар нэр явдаг. Хамт сурч, ажиллаж байсан хүмүүс маань намайг Засагт ханы хөх эрчүүдийн нэг гэж хүндэлнэ. Би шар царайтай л даа. Тэд “Засагт ханыхан чинь хөх, шар хоёр янз байдаг юм байна. Чи шар нь” гэж намайг явуулна. Би хариуд нь “Хөх эрчүүд гэдэг чинь зөвхөн зүс царайг илтгэж байгаа биш, цаана нь зан чанар, байгаль орчин, нутаг оронтой холбож өгсөн алдар гуншин” гэж хэлдэг байлаа. Миний хувьд Засагт ханы хөх эрчүүд гэдгээрээ омогшиж, бахархаж явдаг олон шалтгаан бий. Нэг жишээ дурдахад манай Говь-Алтай аймгийн миний суралцаж төгссөн арван жилийн ангиас маань долоон гавьяат төрсөн байдаг.

-Та нутаг орондоо олон жил багшилсан хүн. Тэр дурсамжаасаа хуваалцаач? 

Би багш мэргэжилтэй. 1972 онд УБДС-ийг физик, математикийн багш мэргэжлээр төгсөөд тасралтгүй 51 жил багшилж байна. Дээд сургуулиа төгсөөд өөрийн төрөлх нутаг Дэлгэр сумынхаа сургуульд хуваарилагдан зургаан жил багшилсан. Намайг сурч байхад сумын маань сургууль бага сургууль байсан бол намайг багшлахаар очиход найман жил болж анхныхаа төгсөлтийг хийж байсан билэг дэмбэрэлтэй үйл явдал тохиож байлаа. Дараа нь би Алтай хотын арван жилийн 2 дугаар сургууль, 5 дугаар сургууль, сүүлд Хан Тайшир цогцолбор болоход нь багшилсан.

Багшаар ажилласан сургууль бүрд физикийн кабинет байгуулах, тохижуулах, шавь нараа Монголд анх удаа явагдаж эхэлсэн физикийн олимпиадад амжилттай бэлтгэн оролцуулахад өөрийн хувь нэмрээ оруулж, улсын медальтан төрүүлж байлаа.

Тухайн үеийн шавь нараасаа дурдвал Гадаад хэргийн сайд асан Пүрэвсүрэн байна. Орон нутагтаа багшилж байхдаа би шавь нараа үлгэрлэж орос хэл бие даан сурч байлаа. 1980 оны Москвагийн олимпийг угтаж 1979 онд болсон орос хэлний олимпиадад түрүүлж Москва, Ленинград хотоор аялж байснаа эргэн санахад сайхан байна. 1999 онд Говь-Алтай аймагтаа анх удаа улсын физикийн 13 дахь удаагийн олимпиадыг зохион байгуулсан бол энэ жил түүхт 100 жилийнхээ ойн босгон дээр 34 дэх удаагийн олимпиадыг зохион байгуулахад гар бие оролцлоо.

-Танд Алтай нутагтаа үүнийг хийчих юмсан гэж бодож зорьж, бүтээсэн ажил бишгүй л бий байх даа?

Алтай нутагтаа 28 жил ажиллахдаа олон ажлыг хийж гүйцэтгэжээ. 1994 оноос Говь-Алтай аймагтаа Улаанбаатар хотын 1, 11 дүгээр сургууль шиг физик, математикийн гүнгийрүүлсэн сургалттай сургууль байгуулах юмсан гэж хүсэж мөрөөдөж явснаа ажил хэрэг болгосон. Энэ ажлыг аймгийн 5 дугаар сургуулийн захирал Сэвжидтэй хамтран гүйцэтгэж тус сургуулийг физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай болгож хөл дээр нь босгон, өөрөө багшилж байхдаа улсын физик, математикийн олимпиадын аймгийн анхны медальтнуудыг төрүүлж байлаа. Би өөрөө улсын физик, математикийн VI олимпиадын аварга багш болж байв. Сүүлд миний бие Улаанбаатар хотод ирээд сургалт, менежментээрээ тэргүүлдэг хувийн хэвшлийн “Шинэ Монгол” сургуульд ажилласан. Нутаг оронд маань ийм хувийн хэвшлийн сургууль бий болоосой, тэгвэл ажиллах юмсан гэж одоо хүсч явна даа. 

-Багш хүний нүдээр Засагт ханы эрчүүдийг тодорхойлбол?

-Хотод оюутан болоод ирж байхад багш нар, найзууд маань манай Говь-Алтайнхныг толгой сайтай хүмүүс гэж ярьдаг байсан. Тэр үед цөөхөн их, дээд сургуулиуд байдаг байлаа. МУИС, УБДС-д манай аймгаас ирсэн оюутнууд амжилт, бүтээлээрээ ялгарч, цойлдог байсан. Мөн манай аймгаас олон алдар цуутай зохиолч, яруу найрагчид төрж гарсан байдаг. Ер нь манай Алтай нутгийнхан хичээнгүй, мэрийлттэй, хөдөлмөрч, оюунлаг хүмүүс. Шударга, зарчимч, тал тохой татдаггүй зантай даа.

-Хотод ажиллах болсноосоо хойш нутагтайгаа хэр холбоотой байв?

-Хүн хаана ч явсан төрсөн нутгаа санаж, сэтгэлдээ бэтгэрч байдаг юм билээ. Аймагтаа 28 жил багшилчихаад 2000 онд би нутгаасаа гарсан. Хотод ажиллаж, амьдарч байхдаа Говь-Алтай аймгийн дугаартай машин хармагцаа таньдаг хүн байж магадгүй гэж баярлаж, догдлох жишээний. Цаг агаарын мэдээ харлаа гэхэд аймгийнхаа мэдээг заавал үзэж бороо хуртай бол баярлаж, цас зудтай байна гэвэл сэтгэл зовно. Би боломж олдох бүрийд нутаг руугаа явдаг байсан. Сая өнгөрсөн жил гаруйн хугацаанд хоёр удаа урт хугацаагаар очиж ажиллалаа. Манай аймаг хоёр дахиа улсын физик, математикийн олимпиадыг зохион байгуулах болж багш, сурагчдад сургалт зохион байгуулсан. Олимпиад маань ч сайхан болж Алтайн сурагчид маш өндөр амжилт үзүүлсэн. 

-Та оюутан, сурагчдад зориулж олон сурах бичиг, ном товхимол гаргасан биз?

-Сурсан мэдсэн, туршлагаа хойч үедээ өвлүүлье, үлдээе гэж бодож явдаг. Энэ ч үүднээс Монгол Улсын физикийн хөтөлбөр, сурах бичиг зохиох багт ажиллаж ахлах ангийн гурван сурах бичиг бүтээхэд гар бие оролцлоо. Мөн багш, сурагчдыг улсын физикийн олимпиадад амжилттай оролцоход нь зориулж бэлтгэл, дадлагын зургаан ном гаргалаа. Энэ дотроо олон улсын физикийн олимпиадад оролцогч нарт зориулж Японы эрдэмтдийн бэлтгэж гаргасан номыг англи хэлээс орчуулж хэвлүүллээ. Мөн миний шавь болох “Соёмбо принтинг” ХХК-ийн захирал Д.Лувсандоржийн санаачлагаар бүтээгдсэн “Соёмбо” нэвтэрхий толийн физик нэвтэрхий толийг миний бие баг ахлаж бүтээлээ. Үүний зэрэгцээ “Шинэ Монгол” сургуульд ажиллахын хажуугаар Япон улсын их, дээд сургуулиудад суралцах оюутнуудад зориулж дөрвөн цуврал ном гаргалаа.   

-Хантайшир аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна. Нутгийн олондоо хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа өндөр их Алтайнхандаа сайхан баярлаж наадаарай гэж хүсэн ерөөе.

Ярилцсан Улстөрч.мн сайтын эрхлэгч Г.Золбаяр

 

                 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.42.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.