Б.МӨНХТАМИР: “МИАТ”  компани удахгүй нислэгийн ҮНЭЭ БУУРУУЛНА
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-08-12

МИАТ компани өнөөдөр шинэ онгоцоо хүлээн авлаа. Энэ үеэр тус компанийн захирал Б.МӨНХТАМИР дараах байр суурийг илэрхийллээ.

Агаарын тээврийн сэргэлтийн хүрээнд “Боинг 787-9” агаарын шинэ хөлгөө хүлээж авлаа. Хэр удаан хугацаанд гэрээ хэлцэл хийгдэв?

“МИАТ” ТӨХК-ийн түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Энэ онгоцыг авч ирэхийн тулд “МИАТ” ТӨХК-ийн эд эс бүхэн, бүх ажилчид сүүлийн нэг жилийн хугацаанд тасралтгүй хэлэлцээр хийсний үндсэн дээр эцсийн мөчид бахархалтайгаар хүлээж авлаа. Дараагийн онгоц маань 2024 оны эхний улиралд яг ийм, ижил төрлийн бас нэг онгоц хүлээж авна. Засгийн газраас баримталж буй монголд зочлох жил аяны хүрээнд агаарын тээврийн лебиралчлалын бодлогыг дэмжиж зөвхөн БНСУ-ын чиглэлд гадна, дотны 7 агаарын тээврийн тээвэрлэгч долоо хоногт 43 нислэг үйлдэж байна. Өнгөрсөн долдугаар сард МИАТ компани дангаараа 750 нислэг хийсэн. Үүнээс цааш өргөн биетэй онгоцуудыг үйлчилгээндээ нэвтрүүлэн алсын зайн нислэгүүдийн явуулна. 2024 онд АНУ-руу, 2025 онд Австрали, Сингапур улс руу шууд нислэг хийхээр төлөвлөгөө гаргасан.

Сард 800 орчим мянган долларын түрээс төлөх юм байна. Энэ онгоц өөрийн нислэгээрээ түрээсээ нөхөж чадах уу?

Онгоц худалдан авах нь хамгийн ашиггүй бизнес болсон учраас дэлхийн бүх агаарын тээврийн компаниуд онгоцоо урт хугацааны түрээсээр авч ашигладаг. Онгоцыг шинэ дээр нь бид ашиглаад буцаагаад гаргадаг. Бид энэ онгоцны сарын түрээсэнд 770 мянган долларын түрээс төлнө. Бусад улстай харьцуулахад бид 20-30 хувиар хямдхан авсан.

Ковидын үед хамгийн алдагдалтай ажилласан компани нь “МИАТ”. Дампууруулах тухай асуудал ТӨБЗГ- т яригдаж байсан. Одоо ашгаа нөхөж чадсан уу?

Дэлхий дахинаа үргэлжилсэн ковидын нөлөөнд хамгийн хүнд цохилт авсан салбар нь агаарын тээврийн салбар. Маш олон агаарын тээврийн компани дампуурсан. “МИАТ” ТӨХК хоёр жил дараалан -52, -32 тэрбумын алдагдал хүлээсэн. Манай компани 100 төрийн өмчит, ашгийн төлөө байгууллага. Төрөөс дэмжлэг авдаггүй, харин төрд ногдол ашиг төвлөрүүлдэг компани. Ковидын дараагаар манай компани үйл ажиллагааны хэмнэлт буюу бүсээ чангалах бодлого хэрэгжүүлсэний үр дүнд 44 тэрбумыг хэмнэж 2022 оны эцэст 37 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. Санхүүгийн нөхцөл байдал эрс сайжирсан. Шинэ, хуучин бүх онгоцыг нисгэж ашиглана.  Онгоц нисэхгүй зогссон ч түрээсийн болон даатгалын зардлууд байнга гардаг учраас сул зогсоож болохгүй. Энэ зардлаа нөхөхийн тулд нисгэж байж л ашиг олно. Монголд зочлох жилийн хүрээнд агаарын тээврийн компаниудын нислэг нэмэгдсэн. Бусад авиа компаниуд жуулчид их авч байгаа. МИАТ компани өрсөлдөөнд бэлэн. Ойрын хугацаанд МИАТ компанийн нислэгийн үндсэн тарифыг бууруулахаар зорьж байна. 2011 оноос хойш МИАТ-ын үндсэн тариф нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй. Одоо удахгүй буурна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.14.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.