Б.Бат-Эрдэнэ: Манай улс WADA-д өртэй учраас ОЛИМПИЙН НААДАМД баг тамирчид оролцоход  бэрх болсон
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-09-21

Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамирын улсын хорооны дарга, Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй ДОПИНГИЙН АСУУДЛААР цөөн хором ярилцлаа.

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхийн гол зорилго нь юу вэ? Засгийн газар бүр л ийм бодлого гаргадаг. 

Бидолон түмэнд зөвийн үлгэртэй байх ёстой учир хандлагаа өөрчлөх нь чухал. Монголчууд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл чийрэг, хүмүүнлэг нийгмийг байгуулахад манай биеийн тамир, спортын салбар онцгой үүрэгтэй. Ийм ч учраас Засгийн газраас бүх нийтийн эрүүл мэндийг дэмжихэд голлон анхаарч байгаа. Спортод байгаа хууль бус зүйлийн цаана АВЛИГАТАЙ, ДОПИНГТОЙ холбоотой элдэв маргаан, хэл ам гардаг. Тийм учраас улсын бодлого юу вэ гэхээр үндсний шигшээ багийг 25 спортын төрлөөр нэгтгэн барьж байгаа. Эдгээрийн 9 нь паралимпын холбоо байдаг. Эдгээр холбоодтой бид ШУДАРГА ЁС, ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛНА. Ингэхийн тулд дээрх холбоод Ёс зүйн дүрмээ их хурлаараа батлаж, бүх тамирчид мөрдөх ёстой. Энэ бол спортын шударга ёс, улсын хөгжлийн талаарх өргөн агуулгатай зүйл юм.

Допинг гэснээс та бол Үндэсний бөх, чөлөөт, сумо гээд олон спортоор хичээллэж байсан, гавьяат тамирчин хүн. Үндэсний бөх, улсын наадмын шөвгөрсөн бөхчүүдээс ДОПИНГ ИЛРЭХ нь хэвийн үзэгдэл болчихлоо шүү дээ?

Олон улсын гэрээнд хүлээн зөвшөөрөгдсөн үүргийн хүрээнд WADA-с гаргасан журмын дагуу бүх зүйл явах учиртай. Допингийн шинжилгээ, судалгаатай холбоотой асуудалд төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ бол улс орны Засгийн газар бүрийн хүлээсэн  үүрэг. Допингтой тэмцэх ажил чинь зөвхөн шинжилгээ авсан, шинжилгээний хариуг зарласанаар хязгаарлагдахгүй. Өсвөр үед допингийн хор хөнөөлийн талаар сургалт, суртал ухуулаг хийх, бүх спортын тамирчдад мэдлэг олгох, явцын, дундын төгсгөлийн шинжилгээ авах, эмч мэргэжилтнийг бэлтгэх, сорьц зүйлийг тээвэрлэн хүргэх гээд асар өргөн хүрээний зүйл. Үүнийг л нийтийн биеийн тамир гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл ДОПИНГИЙН ХОР ХӨНӨӨЛИЙГ НИЙТЭЭРЭЭ МЭДДЭГ болох нь үр дүн гэсэн үг. Жил бүрийн улсын баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээг Солонгос улсад шинжлүүлэх чинь хүртэл их мөнгө ордог юм ш дээ.

Солонгос руу өндөр зардал төлж шинжилгээ өгч байхаар дотооддоо салбар лаборатори байгуулчихаж болдоггүй юм уу?. Манай улсын шинжлэх ухааны салбар хурдтай хөгжиж, дэлхийн бүхий л шинжилгээний хариуг гаргах боломж бүрдсэн шүү дээ?

Харамсалтай нь тийм боломж байхгүй. Манайхан их амархан юм шиг л ойлгоод байгаа юм. WADA-гийн зөвшөөрлөөр дэлхийн хэмжээнд энэ шинжилгээг авдаг байгууллагыг бүсчилж бий болгосон. Сөүлд байгаа энэ лабораторид ганцхан манайх ч биш өөр олон улс шинжилгээгээ өгдөг. Олон улсын гэрээ хэлцэлд заасан үүргээ биелүүлэх л ёстой.

Өндөр зардлаар Сөүл рүү ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ илгээдэг. WADA-д манай улс нэлээд хэмжээний өртэй байх шүү?

2020 оны Токиогийн олимпт оролцох тамирчдаас авсан шинжилгээний зардлаа өнөөдрийг хүртэл төлөөгүй, 200 гаруй сая төгрөгийн хуримтлагдсан өр төлбөр бий. 2023 онд ч нэмэлт төсөв шаардлагатай. Энэ өр төлбөрөө төлөхгүй бол манай тамирчид олимпийн наадамд оролцоход саад үүсэх, хүнд байдалд орох эрсдэл тулгарч байгаа.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.192.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.