Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагаа гурван сарын хугацаанд үргэлжлэн амжилттай зохион байгуулагдлаа. Үүнтэй холбогдуулан Ажиллагааны ерөнхий удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнтэй ярилцлаа.
-Цаг хугацааны эргүүлэг нүд ирмэхийн зуур л өнгөрсөн байна. Танаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагааг энэ зуны турш зохион байгууллаа. Татан гаргах ажиллагааны үеэс яриагаа эхлүүлье?
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажлыг зохион байгуулж, бохидлыг бууруулах ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажил хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж байна. Нэгдүгээр шатанд буюу 2021 онд Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоцыг 36 хоногийн хугацаанд ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн картын дагуу зохион байгуулсан. Үүний дараа 2022 оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-ыг дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж, нэгдсэн зөвлөмж гаргасан байдаг. Энэхүү чуулганаас гаргасан зөвлөмжийг бид хоёрдугаар шатанд буюу дараагийн татан гаргах ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусган, хэрэгжүүлж байна.
Тус чуулганд оролцсон эрдэмтэн, судлаач, нутгийн иргэд гээд салбар бүрийн төлөөлөл хэлэлцэж, Хөвсгөл нуурт нийт 28 нэгж техник хэрэгсэл живсэн гэсэн тооцоо судалгаан дээр тогтсон. Энэ дагуу “Геомастер” компани нуурт живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх ажлыг өнгөрсөн оны долоодугаар сарын 22-оос арваннэгдүгээр сарын 15-ны өдрүүдэд 10502,6 га талбайд хийж, таван объектын цэгийг илрүүлсэн.
Илрүүлсэн цэгийн дагуу ажлын хэсгийн эрдэмтэн судлаач, зөвлөх инженерүүд судалгаа, тооцооллын ажлыг газар дээр нь зохион байгуулж, татан гаргах ажиллагааны аргачлалыг боловсруулан, монгол орны онцлогт тохируулсан фермийг бүтээсэн.
Хээрийн байрлалд шилжихдээ усан болон авто гэсэн хоёр маршрутын зохион байгуулалтад орсон. Улсын хэмжээнд хөвөгч гүүрийг ашиглан анх удаагаа усан дээгүүр тээвэр хийсэн гээд онцлог ихтэй ажиллагаа байлаа.
Томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн зургаадугаар сарын 5-нд хөдөлгөөн үйлдэж, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Марааны булан гэдэг газарт хээрийн байрлалд шилжин, татан гаргах ажиллагааг зохион байгууллаа.
-Татан гаргах ажиллагааг зохион байгуулахдаа алба хаагчдын ажлыг хялбаршуулсан, техник технологийг илүү ашиглаж, цаг хугацаа хэмнэх цаашлаад аюулгүй байдлыг хангахад томоохон түлхэц болжээ гэж харж байна?
-Татан гаргах ажиллагаанд олон үйлдэлт Про-5 загварын усны дроныг ашиглах сургалт дадлагыг мэргэжлийн багш нараар удирдуулан зохион байгуулж, алба хаагчдаа дадлагажуулсан.
Мөн аврагч усчин буюу шумбагчид усан доороос мэдээ дамжуулах, холбооны техник хэрэгслээр бүрэн хангагдсан. Түүнчлэн томилогдон үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны чиглэлийн түр зааврыг боловсруулан, мөрдлөг болгон ажиллалаа. Биднээс шалтгаалахгүй, байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотой асуудлууд гарсан. Тухайлбал, бороо ороогүй өдөр гэж бараг байсангүй.
Олон техник, цахилгаан үүсгүүрүүд ажиллаж байгаа учраас аянга цахих эрсдэл өндөр байлаа.
Салхи ихсэхээр давалгаа ихтэй учраас татан гаргах ажиллагаа түр зогсох тохиолдол ч байсан. Ажлын явцад гарсан хүндрэл бэрхшээлийг даван туулах арга зам, хэрэгжүүлэх арга хэмжээг тухай бүрт нь шийдвэрлэж удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилласан.
Мөн татан гаргах ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүн гар, сэтгэл нийлэн ажилласан учраас эрсдэл бүхнийг даван туулж чадлаа.
-Харахад, хэлэхэд амархан мэт боловч ажиллагаа ихтэй, үүсэж болох эрсдэл өндөртэй, тооцоолоогүй асуудлууд тулгардаг гээд тоочоод байвал олон зүйлийг ажиглаж байна. Урьд өмнө нь хийгдэж байгаагүй ажил учраас хүн бүрээс ур чадвар шаардсан, туршлага хуримтлуулах боломжийг олгож байгаа давуу тал ч бас байна?
-“Сүхбаатар” хөлөг онгоц бол живсэн газар, жин, хэмжээ, байрлал нь тодорхой байсан учраас тооцоо, судалгаа хийхэд арай хялбар байсан. Усны гүнд илрүүлсэн тэмдэгт тээврийн хэрэгсэл байна уу, хад асга байна уу гэдгийг эхлээд усны дроноор бичлэг хийж зураг авч тогтооно. Үүний дараа эрдэмтэн судлаачид гүн, хэмжээ, байршлыг тооцоолон, татан гаргах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна. Нөгөө усны дрон маань өөрөө олон үйлдэлтэй учраас усны гүнд тухайн объектыг сүвлэх, оосорлох ажиллагааг хийдэг.
Эхний сүвлэгээ амжилттай болбол дараа, дараагийн сүвлэгээг хийж, фермийг ашиглан татан гаргах ажиллагааг хийнэ. Хязгаарлагдмал орчин буюу усны гүнд учраас хүнээс нарийн ур чадвар, мэдрэмж шаарддаг. Цаг хугацаа ч их шаарддаг ажил.
Усны гүнд 20 метрт ирсэний дараа усчин аврагчид үндсэн бэхлэлт, холболтыг шалгаж түүний дараа фермийнхээ тусламжтайгаар татан гаргах ажиллагааг зохион байгуулна. Объектыг нуурын эрэгт ойртуулан тусгай татах зориулалттай КТЛ автомашинаар татан эрэгт гаргаж, шатахуун, шатах, тослох материалыг өөр саванд юүлэн аюулгүй болгож, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийн дагуу шийдвэрлэдэг. Дунджаар тооцоолоход 2-9 хоногийг нэг техник хэрэгслийг татан гаргахад зарцуулсан байх жишээтэй.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийт долоон техник хэрэгслийг 33.4-128 метрийн гүнээс татан гаргасан байна. Татан гаргасан тээврийн хэрэгслүүдээс 47.7 тонн бохирдлыг соруулж, зориулалтын дагуу устгасан. Хэрвээ энэхүү бохирдол далайд асгарсан бол Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээний буюу 2949 га талбай бохирдох эрсдэлтэй байна гэсэн судалгаа, тооцоог гаргасан.
Ингээд бодоод үзэхээр маш их ажиллагаа, чадвар, багийн ажил, хүн бүрийн үүрэг оролцоо ямар чухал байсан бэ гэдэг нь харагдаж байгаа байх.
Ажлын хэсгийн эрдэмтдийн тооцоо судалгаа, зөвлөх инженерүүдийнхээ аргачлал, аврагчид, усчин дайчид ажиллагаанд оролцсон бүх алба хаагчдынхаа ур чадвараар үнэхээр бахархаж байлаа. Татан гаргах ажиллагаанд оролцсон байгууллагууд болоод алба хаагчдын хувьд маш том бодит сургалт, дадлага боллоо гэж ажлын хэсгийн даргын хувьд дүгнэж байна.
-Татан гаргах ажиллагаа 2024 он хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд алба хаагчдын ур чадвар, техник хэрэгслийн чадавх дээшилж, олон ч эрсдэл, бэрхшээлийг даван туулж, шинэ туршилтууд бодит байдал дээр биелэлээ олох боломжийг эхлүүлэх байх?
-Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх ажлыг “Геомастер” компани хийж байна. Илрүүлсэн тэмдэгтийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн судалгаа, тооцооллоо гаргаад татан гаргах ажиллагааг үргэлжүүлнэ. Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, татан гаргахад гаднын мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах санал тавьж байсан.
Зардал ихтэй, цаг хугацаа их шаардсан учраас ажлын хэсгийн эрдэмтэд өөрсдөө татан гаргах ажиллагаанд ашиглах олон улсын стандартад нийцсэн фермийг зохион бүтээсэн. Энэхүү фермийг зохион бүтээснээр зардлыг 80 дахин багасаж, цаг хугацааг хэмнэсэн маш том дадлага, сургалт болсон.
Нөгөө талаар Зэвсэгт хүчний анги, байгууллагууд анх удаагаа далайд хөвөгч гүүрийг ашиглан, үйл ажиллагаа явуулж, туршлагажлаа.
Харин Онцгой байдлын байгууллагын алба хаагчид усны гүнд ажиллах ур чадвараа нэмэгдүүлж, техник хэрэгслээ сайжруулж байна гээд давуу тал их байна.
–Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн дарга, гишүүд, хамтран ажилласан эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүд, татан гаргах ажиллагаанд оролцсон нийт бие бүрэлдэхүүнд баярлаж, талархснаа илэрхийлье. Бид чадсан, гэхдээ цаашид ч олон ажлууд хүлээж байна.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин