БХЯ/: Л.Болормаа: Зэвсэгт хүчин бол ертөнцийг харах цонх, ертөнцтэй танилцах хаалга гэж би боддог
Энэ удаагийн зочин хойморт ЗХЖШ-ын Гадаад хэлний сургалтын төвийн Тестийн мэргэжилтэн-англи хэлний багш ахмад Л.Болормаа уригдлаа
Таны төрж өссөн нутаг ус, төгссөн сургууль, бага насны дурсамжаас яриагаа эхэлье...
-Би Эрдэнэт хотын унаган хүүхэд. 1987 оны дэлгэр зун Лхагвасүрэн хэмээх эгэл жирийн сэхээтний гэр бүлд отгон охин нь болж мэндэлсэн. Хоёр ах, нэг эгчтэй. Миний хувьд яагаад ч юм бэ багаасаа л спортод их элэгтэй хүүхэд байв. Тиймдээ ч 5 дугаар ангид байхаасаа эхлэн Орхон аймгийн спортын ордны гар бөмбөгийн дугуйланд хичээллэж эхэлсэн. Гар бөмбөгийн өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн жил бүр өөр өөр аймагт зохион байгуулагддаг, тус тэмцээнд “Харх” клубийн нэр дээр оролцдог байсан. Манай баг нэг монгол, нэг япон дасгалжуулагчтай, үндсэн дасгалжуулагчаар Гар бөмбөгийн спортын ОУХМ Б.Баярмагнай, туслах дасгалжуулагчаар Япон Улсаас ирсэн багш Такеши Мацумура нар ажиллаж бидэнд маш их зүйлийг зааж сургасан даа. Хүүхэд насны минь хөгжилтэй олон сайхан гэгээн дурсамж, бас суурь хүмүүжил маань энэ спортын хамт олон, багш дасгалжуулагч нартай яалт ч үгүй холбоотой гэж боддог юм. Ер нь хүүхэд залуус багаасаа спортоор хичээллэснээр тэсвэр хатуужил, тууштай чанарт суралцдаг. Ялангуяа багийн спорт бол бусдын өмнө хариуцлага хүлээх ухамсар, чадвар ямар чухал болохыг ойлгуулдаг учраас хамгийн том хүмүүжлийг олгодог. Би Орхон аймгийн “Эрдэнэт цогцолбор” сургуулийг 2005 онд дүүргээд Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуульд элсэн суралцаж Радиолокацын станцын оператор-планшетчин мэргэжлээр 2006 онд төгссөн. Ингээд л Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 322 дугаар салбарт томилогдсоноор цэргийн амьдралын их далайд сэлүүр атгасан даа.
Одоо бол та аль хэдий нь ээ Болороо багш хэмээн салбартаа танигдаж, хүндлэгдсэн хүн шүү дээ. Энэ цэгт ирсэн замналынхаа талаар хуучлаач?
-Англи хэлний багш болсон түүх маань их сонирхолтой. Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 322 дугаар салбарт ажиллаж байхдаа Зэвсэгт хүчний ГХСТ гэж байдаг төдийгүй онц сурвал англи хэлний багш болох боломжтой талаар олж сонслоо. Мэдээж чихэнд чимэгтэй мэдээ сонссон хүн чинь яаж зүгээр байх вэ дээ. Тус төвийн англи хэлний дамжаанд суралцах хүсэлтээ ангийнхаа удирдлага, хүний нөөцөд илэрхийллээ. Сургуулиа төгсөөд удаагүй байгаа шалтгаанаар эхний удаа зөвшөөрсөнгүй. Дараагийн удаа ч мөн ялгаагүй, энэ шалтгаанаар хэд хэд буцсан юм даг. Гэхдээ ажлын үр дүн, гүйцэтгэлийг чинь харж байж шийднэ гэсэн нааштай үгийг сонсоод битүүхэн баярлаж байлаа. Нэгэнт зорилгоо тодорхойлсон учир өөрийнхөө хувьд чадах бүхнээ хийхийг хүссэн. Тэгээд 2006, 2007 оны Зэвсэгт хүчний марш-тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээнд 065 дугаар ангийнхаа эмэгтэй тасагт багтан амжилттай оролцож мөнгө, үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Бүх Цэргийн марш-тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээнд тасгаараа мөн ялгаагүй мөнгөн медаль хүртсэн. Энэ мэтчилэн Зэвсэгт хүчин, анги, салбараас зохион байгуулдаг аливаа ажил, уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож, өөрийнхөө өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулсаар л байлаа.
Бас хажуугаар нь зүгээр байгаагүй, Н.Алтангэрэл гуайн “Англи-монгол хэлний толь бичиг” номыг уйгагүй хуулан бичээд, үг бүрчлэн цээжилдэг байв. Мөн “Англи хэлийг багшгүйгээр сурах нь” гэдэг номыг авч үзээд хэрэндээ л их бэлдэж, дамжаанд суралцах эрхээ хүлээсэн. Ингээд л 2009 оны 9 дүгээр сард ГХСТ-ийн англи хэлний анхан шатны дамжаанд суралцах тушаал гарснаар гадаад хэл сурах дараагийн аялалдаа гарсан даа. ГХСТ-ийн мэргэжлийн бөгөөд чадварлаг багш нараар хичээл заалгаж байхад яалт ч үгүй эд нар шигээ мундаг багш болох юм сан гэсэн хүсэл эрмэлзэл гал мэт асан дүрэлзсэн. Өмнө нь бие дааж өөртэйгөө нэлээд сайн тулж ажилласан болохоор суралцах хугацаанд бэрхшээл тулгарах нь харьцангуй бага байсан төдийгүй, багш нарын маань ур чадвар, сэтгэл шингэсэн хичээлүүд, бидэнд зарцуулсан цаг хугацаа, хором мөч бүхэн намайг англи хэлний багш болох шалгалтад тэнцүүлсэн дээ. Ингээд би 2010 оны 7 дугаар сард АНУ-ын Батлан хамгаалахын хэлний хүрээлэнд Багшийн үндсэн шатны дамжаанд сурахаар анх удаа хилийн дээс алхаж, эрдэм номын эрэлд мордсон юм. Түүнээс хойш АНУ-д багшийн гүнзгий шатны дамжаа, Канад Улсын Батлан хамгаалахын хэлний төвд багшийн мэргэжил дээшлүүлэх дамжаа, Герман Улсад тестийн мэргэжилтэн бэлтгэх дамжаануудыг амжилттай дүүргэсэн.
Багш хэмээх эрхэм алдрыг мөрдэст албатай хослуулна гэдэг бас л бахархам юм даа, тийм ээ?
-Тэгэлгүй яах вэ, би 2011 оны 3 дугаар сард АНУ-ын Батлан хамгаалахын хэлний хүрээлэнд Англи хэлний багшийн үндсэн дамжааг төгсөж ирээд энхийг сахиулах батальонуудын нэг Зэвсэгт хүчний 330 дугаар ангид англи хэлний багшаар томилогдож ажилласнаа маш их олзуурхдаг. Энэ ангидаа би цэргийн англи хэлний багш юугаараа ялгаатай, ямар үүрэгтэй вэ гэдгийг сайтар судалж, суралцсан. Ангийнхантайгаа “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургууль болон “Аминд үл хүрэх зэвсэг” хамтарсан хээрийн дадлага сургуулиудад оролцож цэргийн хэргийн болоод цэргийн англи хэлний мэдлэгээ улам тэлсэн. Мөн энэ ангиасаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд анх удаа оролцож, цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн дээ. Тэгээд 2014 оны 9 дүгээр сард ЗХЖШ-ын даргын тушаалаар энхийг сахиулах анхны батальон болох Зэвсэгт хүчний 150 дугаар ангид англи хэлний багшаар томилогдон ажиллаж байгаад 2019 оноос Зэвсэгт хүчний ГХСТ-д тестийн мэргэжилтэн-англи хэлний багшаар томилогдон ажиллаж байна. Таны хэлсэнчлэн үнэхээр л багш хэмээх эрхэм хүндтэй алдрыг офицерын хариуцлагатай албатай хослуулж, хийморь сүлд оршсон энэхүү салбарт буцалж яваа минь сайхан юм даа.
Залуу офицерын хувьд та Зэвсэгт хүчнийхээ өнөөдрийг хэрхэн дүгнэж хардаг хийгээд ирээдүйд ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-Өнөөдөр НҮБ болон олон улсад өндрөөр үнэлэгдсэн Монгол Улсын Зэвсэгт хүчинд алба хааж байгаагаараа би бахархдаг. Ном бол ертөнцийг харах цонх гэдэг шиг Зэвсэгт хүчин бол ертөнцийг харах цонх, ертөнцтэй танилцах хаалга гэж би хэлнэ. Бид бүхэн л дор бүрнээ хичээвэл Зэвсэгт хүчин бидэнд сурах, хөгжих асар их боломжийг нээлттэйгээр олгодог гэж боддог. Зэвсэгт хүчин залуу офицеруудыг болон хувь хүний манлайллыг дэмжиж олон арга хэмжээ зохион байгуулж байгаа нь дээрх таатай боломжуудын нэг нь гэж би харж байна. Хувь хүнийхээ хувьд өөрсдийн манлайллыг үлгэрлэн харуулж, эерэг хандлагыг дэмжсэнээр алсуураа Зэвсэгт хүчнийхээ хөгжлийн томоохон амжилтын нэгэн хөшүүрэг нөлөө болно гэж үздэг. Мөн түүнчлэн хүйсийн тэгш оролцоог дэмжиж эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлж байгаад эмэгтэй цэргийн алба хаагчийн хувьд их талархалтай, урам зоригтой ажиллаж байна.
Тэгвэл багш байхын хамгийн сайхан нь юу юм бэ?
-Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төв 2003 онд энхийг сахиулах ажиллагаанд оролцох офицер, ахлагч нарт англи хэлний мэдлэг олгох, тэдгээрийг бэлтгэх зорилготой анх байгуулагдаж байсан бол өдгөө Зэвсэгт хүчний болон төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдад англи хэлний шат дараалсан мэдлэгийг эрчимжүүлсэн сургалтаар олгож байна. Зэвсэгт хүчний гадаад харилцаа тэлэхийн хэрээр гадаадын цэргийн сургууль, дамжаануудад суралцах боломжууд ч нэмэгдэж байна. Эдгээр боломжуудыг олгох гүүр нь болсон ГХСТ-д багшаар ажиллаж хамгийн чухал шаардлага болох англи хэлний мэдлэгийг олгож байгаадаа хамгийн сайхан мэдрэмжийг өдөр бүр авдаг. Тиймдээ ч бидний ажил олон хүний талархал, хүндэтгэлийг хүлээдэг гэж ойлгодог.
Болормаа багшийн удирдлагад англи хэлний мэдлэгээ тэлэхээр сурч байгаа шавь нар нь ямар байгаасай гэж хүсдэг вэ? Нэг үгээр хэлбэл шавь нартаа тавьдаг шаардлага гэх үү дээ...
-Манай ГХСТ нь “Never put off till tomorrow what you can do today!” буюу “Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж битгий хойшлуул” гэсэн уриатай. Англи хэлний дамжаанд суралцах энэ алтан боломж танд ирсэн л бол та энэ боломжийг бүү алд, хичээ, зүтгэ гэж суралцагч нартаа байнга хэлдэг. Мөн суралцах хугацаандаа хариуцлагатай байж гэрийн даалгавар, нэмэлт даалгаврыг цаг тухайд нь хийж, сахилга бат, ёс зүйтэй байх шаардлага тавьдаг. Гэхдээ сургалтын орчин нь чөлөөтэй сэтгэж, мэдлэг хуримтлуулах газар гэдгийг бас ойлгох хэрэгтэй.
Таны хобби юу вэ, чөлөөт цагаа юунд түлхүү зориулахыг хичээдэг вэ?
-Чөлөөт цагаараа ном унших, дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй амьдрахыг эрмэлздэг. Боломж гарвал найзууд, оюутнуудтайгаа спорт зааланд гар бөмбөг тоглох дуртай.
Ажил, амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?
-Ажлын цагаар үр бүтээлтэй байж, өөрт оногдсон үүрэгт ажлыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэх зарчмыг баримталдаг. Өдөр бүр хичээлээ бэлтгэж, оюутан суралцагчдадаа хэрхэн яаж хүргэх талаар цаг үедээ тааруулсан, заах аргыг төлөвлөж хариуцлагатай байхыг хичээдэг. Хувь хүнийхээ хувьд үргэлж шинийг сурч мэдэх, өөрийгөө сорих, хөгжихийг эрмэлздэг юм. Миний дотор хүн ер нь нэг тийм тайван, хэвийн урсгалаараа амьдралын хэв маягтай огт нийцдэггүй, нэг зүйлийг сурч мэдсэн, амжуулсан бол үргэлжлүүлээд ахиад өөр зүйл рүү зав зайгүй л тэмүүлдэг. Тэгэх тусам эрч хүч сэлбэгдэж, илүү сэргэдэг юм шиг ээ. Зүгээр л хэвийн, завтай байгаад хэд хоновол дотор хүн маань “Ингээд л зүгээр байгаад байх юм уу Болороо” гээд тайван суулгахгүй (инээв).
Ингэхэд Та саяхан НҮБ-ын индрээс илтгэл хэлэлцүүлж, Монгол офицеруудын тэр тусмаа эмэгтэй цэргийн алба хаагчдын нэр хүндийг өндөрт өргөсөн шүү дээ. Энэ талаар тодруулбал...
-НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллага болон НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын алба хамтран БНСУ-ын Сөүл хотноо энэ оны 9 дүгээр сарын 4-22-ны өдрүүдэд зохион байгуулсан “Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдын дамжаа”-нд суралцаад ирлээ. Дамжааны төгсгөлийн өдөр “Эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь” сэдэвт энхийг сахиулах ажиллагааны дээд хэмжээний чуулган зохион байгуулагдсан юм.
Энэ үеэр надад “Залуу эмэгтэй офицеруудын санал бодол, энхийг сахиулах ажиллагааны үүрэг гүйцэтгэлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх боломж олдсон хэрэг. Чуулган гурван үе шаттайгаар явагдаж, эхний шатанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан (НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга) Бан Ги Мүүн, БНСУ дахь НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын төвийн захирал Жонгмин Лее, БНСУ-ын БХЯ-ны Бодлого стратегийн газрын дэд дарга Хио Тэйкум, Канад Улсын Жанжин штабын дарга генерал Вайнэ Айр, Австрали Улсын хошууч генерал Черил Пиерс, Норвеги Улсын хошууч генерал Ингрид Гэрде нар энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх тухай хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хоёрдугаар шатанд “Энхийг сахиулах ажиллагаанд яагаад хүйсийн эрх тэгш байдал яригдах хэрэгтэй вэ, яагаад эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх хэрэгтэй вэ” гэсэн асуулга дор Балба Улсын хошууч генерал Шахадев Хадка тэргүүтэй АНУ, БНСУ, Их Британийн офицерууд туршлага сургамжаа хуваалцсан бол гуравдугаар шатанд дамжаанд хамрагдсан дөрвөн эмэгтэй офицер илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Чуулганы үеэр оролцогчид Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах үйлсэд оруулж буй хувь нэмрийг онцгойлон дурдаж, ажиллагааны газар орны иргэдийн талархал, хүндэтгэлийг хүлээсэн дайчид бол Монгол цэрэг хэмээн онцолж байсан. Зэвсэгт хүчин хэмээх халуун тогоонд хамтдаа буцалж, чанагдаж яваа хэн бүхнээр, тэр тусмаа монгол цэргүүдэд энхийг сахиулах ажиллагаанд оролцох боломжийг олгож, замыг нь нээсэн тэр үеийн шийдвэр гаргах түвшний дарга нар, энхийг сахиулах ажиллагааны салхийг хагалж, жимийг гаргасан анхдагчид, тэрхүү нарийхан жимийг бүр өргөн зам болгон тэлсэн үе үеийн энхийг сахиулагчдаараа бахархаж, басхүү монгол хүн гэдгээрээ омогшиж суулаа. Яах аргагүй л цус буцалж, цөс хөөрөөд байгаа юм чинь (инээв).
Тэгэлгүй яах вэ. Та энхийг сахиулах ажиллагаанд хэчнээн удаа оролцсон бэ? Ажиллагааны газар оронд монгол эмэгтэйчүүдийн тэсвэр хатуужил бас л магтагддаг шүү...
-Анх 2012-2013 онд Судан Улсын Дарфур мужид НҮБ болон Африкийн холбооны хамтарсан UNAMID энхийг сахиулах ажиллагаанд Монголын цэргийн хээрийн 2 дугаар шатны эмнэлгийн lll ээлжийн цэргийн багт хүний нөөц-холбогч офицероор үүрэг гүйцэтгэсэн. Анхны ажиллагаа бас хариуцлагатай ажил оногдсон тул удирдлага, хамт олонтойгоо нэг баг болж ажиллаж харилцан суралцаж, туршлага хуримтлуулахыг эрмэлзэж үүргээ гүйцэтгэсэн. Хос тангарагтай цэргийн эмч, сувилагч нарынхаа ур чадвар, ялангуяа эмэгтэйчүүдийнхээ тэсвэр тэвчээр, хатуужлаар бахархахгүй байхын аргагүй байсан. Манай эмнэлгийн гол үүрэг бол хариуцлагын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн болон энгийн алба хаагчдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд зогсохгүй, тухайн бүсийн орон нутгийн иргэдэд шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлдэг байсан нь орон нутгийн иргэдтэй илүү ойр ажиллах, тухайн улсын ард иргэд, соёлыг таньж мэдэх түлхүү боломжийг олгож байлаа.
Мөн 2021-2022 онд БНӨСУ-ын Малакал хотод НҮБ-ын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагаанд Цэргийн ажиглагч офицероор үүрэг гүйцэтгэсэн. Цэргийн ажиглагч гэдэг бол тухайн ажиллагааны нүд, чих нь байдаг. Хойд бүсийн хувьд цэргийн ажиглагч нар газар, агаар болон усан эргүүл хийнэ, эргүүл хийх хугацаа урт, богино янз янз л даа. Миний хувьд Цэргийн ажиглагч офицероор үүрэг гүйцэтгэсэндээ олзуурхдаг. Бид үргэлж баазын гадна, орон нутгийн удирдлага болон иргэдтэй илүү ойр байж тэдний аюулгүй байдлыг хангах, хамтарч ажиллах, эмэгтэйчүүд болон хүүхдийн аюулгүй байдал, эрх нь зөрчигдөж байгаа эсэх талаар байнга анхааран ард иргэдэд илүү хүрч ажиллах онцлогтой байдаг.
Ажиллагааны газар оронд байх үедээ Монголын цэргийн баг үүрэг гүйцэтгэж байгаа Бэнтью хотод очих боломж гарсан юм. Монголын цэргийн багийн бааз болон монгол цэргүүдийн гүйцэтгэж буй үүргүүд, хэрэгжүүлж буй ажлын талаарх танилцуулгыг хараад өөрийн эрхгүй л эр цэргүүд, хатан ухаант эмэгтэйчүүдээрээ бахархах, хайрлах сэтгэл төрж билээ. Ямар орчинд яаж үүрэг гүйцэтгэж байгааг харсан хүн л илүүтэй сайн мэдэрнэ дээ. БНӨСУ халуун болон борооны гэсэн хоёр л улиралтай. Борооны улирал бол төсөөлшгүй, богино хугацаанд асгарах бороо тал нутгийг бараг л усан сан болгодгийг манайхан мэднэ. Үүнтэй зэрэгцээд шумуул, ялаа шавж нь ихэсдэг. Энэ бол зөвхөн байгаль, цаг агаарын сорилтууд... Ийм нөхцөлд харуул манаанд зогсоод, эргүүл, цуваанд явж байгаа цэнхэр дуулгатнуудаараа хэн бахархахгүй байх вэ. Ингэж л үүрэг гүйцэтгэж монгол цэрэг гэдэг брэндийг бий болгож буйн зэрэгцээ монголчууд гэж хэн юм, монгол хүний мөн чанар ямар байдаг юм, ямар зан заншил, ёс уламжлал, өв соёлтой ард түмэн юм бэ гэдгийг дэлхийд бас таниулж яваа юм шүү дээ.
Таны бахархал юу вэ?
-Миний гэр бүл, намайг төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн ачтан аав ээж минь. Энэ ташрамд өдөр тутмын ажил үүргээ сэтгэл хоёрдолгүй гүйцэтгэх, энхийг сахиулах ажиллагаанд оролцох, гадаадын сургууль, дамжаанд суралцах үед ард минь асаалттай танк шиг байж үргэлж дэмжиж, тусалдаг гэр бүлдээ, үе үеийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлаж явдгаа уламжилъя.
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Хошууч Д.МЭНДБАЯР
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.248.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин