Х.БАТТУЛГА: ТӨМӨР ЗАМ бол МОНГОЛЧУУДЫН БАХАРХАЛ. БИД өөрсдөө барьсан. МУХАР БИШ
Ярилцлага
/
2024-01-10

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцсэн шаардлагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр/2024.01.10/ өрөөнд нь орж, хүлээлгэн өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Гаднын хөрөнгө оруулалт маш их багасаад байна гэж байна?

-Гаднын хөрөнгө юунаас болсон бэ гэхээр та бүхэн санаж байгаа байх. Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллаж байхад Японы тухайн үеийн ерөнхий сайд Ш.Абэ Монголд ирээд Өмнөговийн Тавантолгойд хөрөнгө оруулна гээд санамж бичиг зурсан.

Ингээд санамж бичиг зураад япончууд хөрөнгө оруулах юм байна гэсний дараахан асар том довтолгоо болсон. Намайг УИХ-ын гишүүн байхад Баянгол зочид буудал дээр над руу дайрч, баривчилна гэсэн төрийн том дайралт болж байсан. Тухайн үед ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Ингээд Японы хөрөнгө оруулалт гэдэг юмыг зогсоож байсан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг байх үед Тавантолгойд Бразил, Энэтхэг, ОХУ, Японы консерциум гээд гаднын хөрөнгө оруулалт орох үеийн шийдвэрээ болиод ганцхан Хятадын Шинхуа компанид өгөх болсныг санаж байгаа байх. Гадаадын хөрөнгө оруулалтыг манай хууль тогтоох байгууллагууд өөрсдөө үгүйсгээд байдаг учраас үүнийг эргэн хараачээ гэдэг саналууд байна.

-Гадаадын хөрөнгө оруулалтын энэхүү хуулийг баталчихвал эрсдэл нь юу байна гэж та харж байна вэ?

-Өрөөсгөл хууль. Намын, намын бүлэг шийдвэр гаргалаа гээд шийдээд яваад байвал намын бүлэг 3 сая гаруй монголчуудын эрх ашгийг хамгаалж чадахгүй.

-Хөрөнгө оруулалтын төслийг орж ирэнгүүт төмөр замаар танк ороод ирнэ гэдэг шиг тактик яваад байна гэдэг байр суурьтай УИХ-ын гишүүд байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах асуудалд ямар бодлого шаардлагатай гэж та харж байна вэ?

-Манай хууль тогтоомж тогтвортой байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг үг орчин үед дэлхий даяар гадаадын хөрөнгө оруулалтын орчин гэдэг хуулиар өөрчлөгдсөн байгаа.

-Та Ерөнхийлөгч байхдаа Ч.Хүрэлбаатар сайдын төслүүдэд хориг тавьж байсан. Хувь хүн талаас нь хандаад байгаа юм уу?

-Ч.Хүрэлбаатартай хувь хүн талаасаа асуудал байхгүй. 

-Нүүрсний сонсголд ямар шалтгаанаар ирээгүй вэ?

-Ирсэн. Ирээд тайлбараа өгсөн. Ерөнхийлөгч нар оффтэйк гэрээ хийдэггүй юмаа. Тог, цахилгаан таслахад таныг нөлөөлж байгаа гэж хардаад байх шиг байна. Одоо ер нь нөлөөлөөгүй юм байгаа юмуу. Нэг хүн халтираад унахад хүртэл намайг л бичсэн байх шиг. 

-Та оросуудтай хуйвалдаад үнэхээр нөлөөлөөд байдаг юм биш үү?

-Юу гэж тийм юм байхав.

-Төмөр замын асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Төмөр замын асуудал бол монголчуудын бахархал. Мухар төмөр зам биш. Бид гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр монголчууд өөрсдөө эдийн засгийг, говийг эзэнжүүлсэн асар том төрийн бодлого хэрэгжсэн юм. Үүнд хорсоод байгаа хүмүүс байх шиг байна.

-Та УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

-Мэдэхгүй. Би дэвшихгүй байх.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (52.15.185.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
иргэн (71.194.191.22) 2024-01-12 08:02:43
Яасан ч юм ойлгодоггүй юм уу энэ сэтгүүлчид хэд асуудаг юм төмөр зам мухар биш гэдгийг хийсэн хүмүүс нь хэлээд байхад юу ч хийдэггүй хүмүүсийн үгээр үг хийгээд хүн шантаажилж асуух шаардлаг байдаг л юм байх да Одоо нүүрс вагоноор зөөж л байгаа ш дэ Газар дээр нь очоод үзээч Хүнд зөв мэдээлэл өгөх хүмүүс ийм байхаар яаж ард түмэнияг зөв мэдээлэлээ ханганаа