Б.Отгонтөгс: Асрахуйн эдийн засаг харагддаггүй, илэрдэггүй, хэмжигддэггүй хэрнээ албан эдийн засгийнхаа тулгуур болдог
Ярилцлага
/
2024-01-24

Сонирхолтой хийгээд нэлээд ач холбогдол бүхий нэгэн төслийг удирдаж буй  МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, Колумбийн их сургуулийн эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгстэй ярилцлаа.

-Юуны түрүүнд уншигчдад төслийнхөө талаар товчхон танилцуулна уу?

-Канадын Шинжлэх ухааны академиас хөгжиж буй улс орнуудын судлаачдын дунд асрахуйн эдийн засгийг судлах, үнэлгээг нь тогтоох судалгааны төслийг зарлаж, үүнд Ази тивээс гурван орон шалгарсаны нэг нь манай улс. Нөгөө хоёр нь Өмнөд Солонгос, Шри-Ланка. Бид “Хүртээмжтэй ба тогтвортой асрахуйн ажилд хөрөнгө оруулах нь: Монгол Улсын асрахуйн салбарыг макро эдийн засгийн загварт оруулах нь” төслийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Одоогоор эдийн засгийн тэнхимийн багш нар болон магистер, доткторын ангийн оюутнуудтайгаа хамтарч цалин урамшуулалгүй асрахуйн ажил хөдөлмөрийн үнэлгээг хэмжиж, тооцох судалгааны ажлыг хийж байна. Үүний дараа цалин хөлстэй асрахуйн ажил хөдөлмөр, улмаар төрөөс хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрах ажилд зарцуулж буй төсөв мөнгийг тооцох юм.

-Монголчуудын хувьд асрахуйн ажил хөдөлмөр, асрахуйн эдийн засаг гэдэг шинэ тутам ойлголт болов уу. Тиймээс илүү ойлгомжтой болгох үүднээс асрахуйн эдийн засгийг энгийнээр тайлбарлавал? 

-Сүүлийн жилүүдэд ялангуяа “COVID-19” цар тахлаас хойш зөвхөн Монгол Улс төдийгүй олон улсад асрахуйн эдийн засгийн талаарх  ойлголт нэмэгдэж, энэ тухай нэлээд хүчтэй ярих болсон. Хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн асрах,  эрүүл мэнд, боловсрол, бие махбод, сэтгэл зүйн гээд бүх талын асаргаа, туслах, хүрэлцэх, дэмжих бүх үйлийг асрах хөдөлмөр буюу асрах ажил гэдэг. Харин асрахуйн эдийн засаг гэдэг нь мөн адил төрөл бүрийн асаргаа, дэмжлэг, тусламж гээд хөлстэй болон хөлсгүй хөдөлмөр, үйлчилгээний бүх хэлбэрийг хамарсан нийгэм, эдийн засгийн харилцааг хэлж байгаа юм. Асрахуйн эдийн засаг нь асрах хөдөлмөрөөсөө том. Асрах хөдөлмөр нь цалин хөлстэй, цалин хөлсгүй гэж хоёр янз байдаг. Жишээлбэл, би ээжийгээ харж байгаа  бол цалингүй асрах хөдөлмөр. Харин хөндлөнгийн хэн нэгэнд цалин урамшуулал өгч хүүхэд, ахмад настан зэрэг асаргаа шаардлагатай хүнийг харуулах тохиолдол байдаг. Мөн төрийн болон олон улсын байгууллагуудын асрах, сувилах үйлчилгээнүүд нь цалин хөлстэй асрах хөдөлмөр. Үүнээс харахад асрахуйн эдийн засаг бол өргөн цар хүрээтэй, томоохон хэжээний асуудал.

-Өргөн цар хүрээтэй, томоохон хэмжээний асуудал гэдгийг нь юугаар тодорхойлох вэ? 

-Хүүхдээ асрах, ар гэрийнхээ ахуйн ажлыг хийж буй нь асар их үнэ цэнтэй, юугаар ч сольшгүй, албан ёсны эдийн засгийг тэтгэж урагшлуулдаг тулгуур салбар гэдэгт олон улсын эрдэмтэн судлаачид санал нэгдэж, улмаар үүний үнэлгээг тоон үзүүлэлтээр гаргаж ирэх судалгааны ажлыг эхлүүлээд байгаа юм. Асрахуйн эдийн засаг бол харагддаггүй, илэрдэггүй, хэмжигддэггүй. Гэсэн хэдий ч албан эдийн засгийнхаа тулгуур болдог. Жишээлбэл, таны хүүхэд цэцэрлэгт яваагүй аль эсвэл хэн нэгэн харж хандаагүй бол та надтай ингээд ярилцаад сууж байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, асрахуйн ажил хөдөлмөр, эдийн засгийн харилцаа байхгүй бол хэн ч албан ажлаа хийж чадахгүй л гэсэн үг.

-Цалин урамшуулалгүй асрах ажил хөдөлмөрийг ямар аргачлалаар хэмждэг вэ. Төслийн хүрээнд урьдчилсан байдлаар ямар үзүүлэлт гарч байна вэ?

-Олон улсад ашигладаг тогтсон тодорхой аргачлал байдаг. Хүн бүрийн хувьд цалин хөлсгүй асрах ажилд өдөрт хэдэн цагийг зарцуулж байна вэ гэдгийг нь хэмжиж байгаа гэсэн үг. Үндэсний статистикийн хорооноос үүнийг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг цаг ашиглалтын түүвэр судалгаагаар хэмждэг. Энэхүү мэдээллийн дата, өгөгдөл дээр бид ажиллаж байгаа. Мөн бид орон нутгийн малчин болон Улаанбаатар хотын захын гэр хорооллын айл өрхүүдэд асрах ажлыг ихэвчлэн хэн, хэдий хэмжээний цаг, хөрөнгө мөнгө зарцуулж хэрхэн, яаж хийж байгаагг хэмжиж байна. Хамгийн хэцүү буюу хичээл сургууль амраагүй, ихээхэн хүч хөдөлмөр, халамж анхаарал шаарддаг өвлийн улирлыг сонгож энэхүү үнэлэмж, үнэлгээ тогтоох ажлыг хийж байна. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажлын 22 хоногт хувааж нэг өдрийн, мөн өдрийнхийг найман цагт хувааж нэг цагийн хөлсийг гаргаж байгаа. Ерөнхийдөө цалин хөлсгүй асрах ажилд нэг хүн дунджаар 50 орчим минутыг зарцуулдаг. Нийт гарсан мөнгөн дүн нь манай улсын ДНБ-ий хэдэн хувь бэ гэдгийг тооцно. Одоогоор цалин хөлсгүй асрах хөдөлмөрийн тухайд урьдчилсан байдлаар ДНБ-ий 10 хувиас давсан дүн гарч байна.  

-Тэгвэл цалин хөлстэй ажил хөдөлмөрийн тухайд ялангуяа төр хариуцдаг энэ төрлийн үйлчилгээний үнэлгээ, үнэлэмжийг ямар зарчмаар тооцоолж гаргаж ирнэ гэсэн үг вэ?

Цалин хөлстэй асрах ажлын тухайд улсын хэмжээнд хүүхэд, ахмад настан асардаг хэчнээн хүн, байгууллага байдаг, нэг айл энэ төрлийн ажилд хэдэн төгрөг зарцуулдаг гэх мэт нарийн үзүүлэлтүүдийг тооцоолж гаргаж ирнэ. Харин төрөөс хариуцаж буй асрах ажлын хувьд гэвэл, 0-2 хүртэлх насны хүүхдээ харж буй эцэг эсвэл эхэд 50 мянган төгрөг олгодог, ахмад настны асрамжийн газрууд, 2-5 настай хүүхдийн цэцэрлэг мөн томуу, томуу төст өвчний эсрэг үнэ төлбөргүй вакцин зэрэг  үйлчилгээг зах зээлийн үнэлгээгээр бодож гаргаж ирнэ. Энэ гурван түвшин дэх асрахуйн эдийн засгийн салбарт хэдий хэмжээний төгрөг эргэлддэг вэ гэдгийг тодорхой болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Таны хэлсэнчлэн харагддаггүй, илэрдэггүй, хэмжигддэггүй хэрнээ албан эдийн засгийн тулгуур болдог эл салбарыг бодлогын түвшинд авч үзсэнээр нийгэм, эдийн засагт ямар ахиц дэвшил, өөрчлөлт гарах вэ?

-Монгол Улсад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 51 хувьтай байгаа. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар хөдөлмөрлөх эрхлэх 18-55 насны хоёр эмэгтэй тутмын нэг нь л ажил хийж байна. Энэ нь нэг талаараа асрах ажилд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2.5 дахин их цаг зарцуулдагтай холбоотой. Хэрэв эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, хамгийн багадаа 70 хувь руу дөхүүлж чадвал нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нэмэгдэж, улмаар  чинээлэг улс болох нэг хөшүүрэг гэдгийг Азийн хөгжлийн банк 2019 оны судалгаагаараа тогтоосон байдаг. Тухайн хүний асарч байсан хүүхэд эсвэл ахмад настай хүнийг өөр хэн нэгэн асрах тогтолцоог бүрдүүлснээр давхар ажлын байр бий болгох юм.

-Ер нь асрахуйн эдийн засаг гэсэн энэ салбарт ач холбогдол өгч, анхаарал хандуулахгүй бол цаашид ямар эрсдэл бий болох вэ?

-Эхнэр хүүхдүүдээ харж байгаа, манай хүүхдүүдийг аав, ээж хардаг... гээд энэ салбар руу өнгийн харж, анхаарал хандуулахгүй яваад байвал эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин нэмэгдэхгүй, цаашлаад хүн амын өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Манай улс харьцангуй залуу хүн амтай ч гэлээ нийгэм хурдацтай насжиж байгаа. Сүүлийн үед манай улсын эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ, хоол ундны чанар сайжирч байгаатай холбоотойгоор монгол хүний дундаж наслалт нэмэгдэж байна. Үүнийг дагаад өндөр настны тоо ч мөн нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр эдийн засагчдын хэлдгээр хөдөлмөрийн насныхан “сэндвич” болж байна. Өөрөөр хэлбэл, бага болон ахмад настан гээд бүхэл бүтэн хоёр үеийг харж ханддаг учраас тэд эрүүл мэндийн хувьд асуудалтай, хөдөлмөрийн бүтээмж муутай байх магадлал өндөртэй. Тиймээс асрахуйн эдийн засгийн дэд бүтэц, хүрэлцээт байдал, Засгийн газраас энэ салбарт баримтлах бодлого, зорилтыг тодорхойлоход бидний судалгааний дүн дэмжлэг, чиг баримжаа болно гэж найдаж байна.

С.Юмсүрэн

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.218.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.